Хэн зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлтэй вэ?

Амьдралын зуршил, удамшил, өвчлөлийн түүхээс хамаарч дараах хүмүүс зүрхний шигдээсээр өвдөх өндөр эрсдэлтэй

Тамхи:

Тамхи татах зуршилтай хүмүүсийн зүрх өвдөх өндөр магадлалтай байдаг. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг харахад дэлхий даяар 1.3 тэрбум хүн тамхи татдагийн ихэнх хувийг хөгжиж буй орнууд эзэлдэг байна. Хөгжилтэй орнуудад боловсрол ба орлогоор бага хүмүүс илүү их татдаг гэж үздэг юм байна. Мөн ихэнх тамхичид 18 наснаас өмнө, голдуу 14-15 насанд тамхи татаж эхэлдэг ажээ.

Тамхи татдаггүй хүмүүсээс өдөрт 1 хайрцаг янжуур татдаг эрчүүд 3 дахин, эмэгтэйчүүд 6 дахин зүрхний шигдээсээр өвдсөн байдаг. Ялангуяа эмэгтэй тамхичид шигдээсээр өвдөх эрсдэл тамхичин эрчүүдээс 25% илүү байна гэсэн судалгаа байна. Ер нь бол өдөрт татдаг янжуурын тоо олон байх тусам шигдээсийн эрсдэл нэмэгдэх боловч өдөрт 5-с бага янжуур татдаг хүмүүс ч өвдөх магадлалтай хүмүүсийн тоонд ордог.

Навчин тамхи нь янжууртай адил хортой болон хавдар үүсгэгч бодисыг агуулдаг ба 4 навчин тамхи 10 янжууртай үзүүлэх хор нь тэнцэнэ. Харин гаансаар татагчдын хувьд хангалттай судалгааны дүн алга байна. 10000 хүний гүрээний артерийн хатуурлын байдалд хийсэн судалгаанд тамхичид 50%, тамхины орчинд байгсад 20% илүү их судас хатууралд нэрвэгдэж байна гэжээ.

Харин тамхиа хаягсад жилийн дотор дунджаар 5 кг жин нэмсэн боловч судасны дотор ханын байдал эрс сайжирч ирдэг судалгаа байна. Өвчнөөр өвдөхөд өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйл байна, харин тамхийг бол хүсвэл татахгүй байж болно. Тамхи бол урьдчилан сэргийлж болох эрсдэл.

Архины хувьд яривал судаснаас илүүтэй зүрхний булчинг гэмтээнэ. Цагаа олж архийг зогсоовол зүрхний булчингийн гэмтэл эргэх шинж чанартай. Хэт оройтвол эмчилгээгүй.

Өөх тосны солилцооны алдагдал

Тамхи ч татдаггүй, архи ч уудаггүй, гэсэн хэдий ч зүрхний шигдээсээр өвдлөө гэдэг. Үүнд өөх тосны солилцооны алдагдал зэрэг өөр хүчин зүйлс нөлөөлсөн байдаг. Өөх тосны солилцооны алдагдалын олон шалтгаан бий. Тухайлбал чихрийн шижин, архины хэт хэрэглээ, элэг, цөсний зогшингошилын эмгэгүүд, нефротик хам шинж, бөөрний архаг дутагдал, бамбайн гормоны дутагдал, тамхи таталт, таргалалт, зарим нэг эмийн бодисууд байна. Жишээ нь архины бага зэргийн хэрэглээ өөх тосны солилцоонд муугүй нөлөө үзүүлдэг бол хэтрүүлэн хэрэглэлт нь триглицеридийн хэмжээг ихэсгэдэг гэх мэт.

Олон тохиолдлын шалтгааныг өөх тосны боловсруулалтын генетикийн онцлог эзэлнэ. Хэрэв аав 55, ээж 65 наснаас өмнө зүрхний шигдээсээр өвдсөн бол 20 наснаас цусандаа өөх тосны солилцоог үзүүлж байх хэрэгтэй. Эрсдэлт хүчин зүйл байхгүй хүмүүс бол 35 наснаас эхлээд өөх тосоо үзүүлэхийг зөвлөдөг.

Удмын түүх

Ер нь бол хүн эцэг эхийн хуулбар, мөн төрсөн цагаасаа л тэдний иддэгийг идэж, уудгийг ууж өсдөг, амьдралын хэв маягийг нь ч дууриаж өсдөг тул ялангуяа нас ахиад ирэхээр өвчнийг нь ч давтах магадлалтай. Иймд удамд зүрхний шигдээсийн түүх байх нь шигдээсээр өвдөх эрсдэлт хүчин зүйлийн тоонд орно. Удмын түүх нь амьдралын хэв маягтаа бусдаас нухацтай хандах хэрэгтэйг сануулдаг.

Чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчин

Эдгээр нь шигдээсээр өвдөх эрсдэлт хүчин зүйлүүд гэдгийг хүн бүхэн мэддэг. Эдгээр нь биеэ даасан түгээмэл өвчнүүд бөгөөд тусдаа яригдах том сэдвүүд юм.

Таргалалт, хөдөлгөөний дутагдал

Хөдөлгөөний дутагдал шигдээсийн аюулыг 2 дахин ихэсгэдэг гэсэн судалгаа байна. Орчин үед энгийн амьсгалын болоод сунгалтын дасгалууд ямар олон зовиурыг арилгаж эм уух шаардлагагүй болгодгийг олон хүн ойлгодог болжээ. Дасгал хөдөлгөөн нь цусан дахь өөх тосыг бууруулж, даралтыг багасган, чихрийн шижингээс салгаж, судасны хатууралд хүргэдэг үрэвслийн хүчин зүйлүүдийг багасгана.

Стресс

Уламжлалын анагаах ухаанаар зүрх нь хүний сэтгэл оюуныг тодорхойлогч эрхтэн бөгөөд сэтгэлийн хямралаас зүрхний өвчин тусах эрсдэл бий болно гэдэг. Сэтгэл санааны гэнэтийн цохилт, их харуусал, бас хэт их баяр хөөр зүрх судасны гүйдлийг түгжиж, ухамсар сэтгэхүйд саатал үүсгэдэг байна. Энэ бүгдээс хамгаалагдах гол хүчин зүйл нь хүний бие махбод, сэтгэл санааны тэнцвэртэй байдал юм байна. Харин хүн ажил хөдөлмөр, хоол нойроо хэмжээнд нь тохируулж, зөв амьдралын хэв маяг баривал тэнцвэрт байдлаа хадгалдаг гэжээ. Тамхи, буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөнгүй байдал ... энэ бүгд хүнийг мэдрэл сэтгэхүйн тэнцвэргүй байдалд оруулж байдаг байна.

Ер нь зүрхний үйл ажиллагаа нь хүний сэтгэл хөдлөл, бусадтай харилцах харилцааг тодорхойлж байдаг. Зүрхний буюу гал махбод давамгайлсан хүмүүс баяр баясгалантай, өөрийн мэдрэмжийг бусдад мэдрүүлж чаддаг, ой санамж яриа хөөрөө сайтай, бадрангуй гэрэлтсэн байх нь олон. Гэхдээ нийгмийн харилцааны хэрэгцээ нь оюун санааны хэт идэвхтэй байдалд оруулж болно. Иймд гал махбод давамгайлсан хүмүүс амарч, тайвширч, эрт унтахыг хичээж байхгүй бол тайван бус, түгшүүртэй байдал, донтолт, нойрны хямралд орох нь амархан байна. Хямрахаар цусан хангамж суларч, унтсан ч бие амрахгүй болж, зүүдлэх нь ихэсч, шийдэмгий биш байдалтай, ой санамж муудсан, харилцааны эв дүй муутай, чалчаа, хэнхэг байдлыг бий болгож болно гэжээ.

Сэтгэл хөдлөл бүхэн тодорхой эрхтэний хамааралтай байдаг бөгөөд жишээ нь уур хилэн элэгнийх, баяр баясал зүрхнийх гэх мэт. Уур хилэн элгийг гэмтээдэг бол хэт ихэдсэн баяр цэнгэл зүрхийг сулруулна. Улирлын хувьд өвөл бөөрөө хамгаалах хэрэгтэй байдаг бол зуны халуунд зүрхээ анхаарах хэрэгтэй байдаг байна.

Эрүүл орших үндсээ хадгалж чадаж байгаа хүн зүрх сэтгэл рүү ирэх довтолгооныг даван туулахдаа илүү байна.

Та зүрхээ хайрлаарай!

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Emergency

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

United Family Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language