Антибиотик ба түүний зохистой хэрэглээ

Антибиотикт мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ гэж юу вэ?

Ямар нэгэн бактерийн шалтгаант өвчний үед антибиотик эмчилгээ хийлгэх хэрэгтэй болдог. Антибиотик эмчилгээ хийлгэхийн тулд уг өвчний үед ямар антибиотик хэрэглэвэл үр дүнтэй байх вэ гэдгийг тодорхойлж түүнд үндэслэн антибиотикийг сонгох нь чухал. Өөрөөр хэлбэл тухайн өвчнийг үүсгэгч бактерийг илрүүлэн антибиотикт мэдрэг чанарыг нь тодорхойлсон хариунд үндэслэн антибиотикийг сонгон хэрэглэх хэрэгтэй гэсэн үг юм. Энэ шинжилгээ нь таны биед хэрэглэх антибиотик таарах уу, үгүй юу гэдгийг биш, харин тухайн өвчнийг үүсгэгч бактерийн эсрэг ямар антибиотик хэрэглэвэл үр дүнтэй байх вэ, ямар нь үр дүнгүй байх вэ гэдгийг тодорхойлж өгснөөр эмчлэгч эмчид эмчилгээнд хэрэглэх антибиотикийг сонгоход тусалдаг шинжилгээ юм. Гэхдээ тухайн халдварыг үүсгэгч бактерийг илрүүлэн өсгөвөрлөсөн тохиолдолд л түүний антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох боломжтой юм.

Антибиотикт мэдрэг чанар тодорхойлох шинжилгээ өгөхийн тулд дараах ерөнхий зөвлөмжийг мөрдөнө.

  • Антибиотик эмчилгээ эхлэхийн өмнө сорьцыг авна. Тухайн өвчин буюу халдварыг үүсгэгч илрэх боломжтой, зөв газраас нь сорьцыг авах ёстой байдаг. Жишээ нь: Шээсний замын халдварын үед шээсийг нь, хатиг буглаа гэх мэт идээт халдварын үед идээнээс нь авсан арчдас юмуу, соруудас гэх мэт
  • Сорьцыг шаардлага хангасан, ариун, зориулалтын сав эсвэл сорьц цуглуулах хэрэгсэл хэрэглэн авна.
  • Сорьцыг зөв авах хэрэгтэй. Жишээ нь: Шээснээс бактери өсгөвөрлөж антибиотикт мэдрэг чанар тодорхойлох шинжилгээнд гадна бэлэг эрхтнийг савантай бүлээн усаар угаасны дараа өглөөний эхний шээсний дунд хэсгээс ариун саванд цуглуулсан шээсний сорьцыг авна.
  • Сорьцын хэмжээ хангалттай байх хэрэгтэй.
  • Авсан сорьцыг лабораторид аль болох хурдан авчрах.

Ихэнх сорьцыг 2 цагаас ихгүй хугацаанд шинжилж эхлэх хэрэгтэй байдаг бөгөөд сорьцыг удаах нь халдвар үүсгэгч бактерийг илрүүлэхэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм.

Антибиотикийн харшилтай эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Нийт эмийн харшил дунд антибиотикийн харшил 11,3%-ийг эзлэх ба энэ харшил нь арьсанд тууралт өгөх, загтнах, бөөлжих, дотор муухайрах байдлаар илэрдэг. Антибиотикийн харшлыг ямар нэг шинжилгээгээр тодорхойлох боломжгүй бөгөөд зөвхөн хэрэглэхийн өмнө арьсанд сорил тавих байдлаар мэдэж болно. Түүнчлэн антибиотикийг өмнө хэрэглэхэд хэвийн байсан боловч дахин хэрэглэх үед харшил өгөх тохиолдол байдаг. Мөн антибиотикийг зарим төрлийн эмтэй хавсарч хэрэглэх үед харшил үүсгэх боломжтой. Хэрэв та өмнө нь антибиотикоос харшилж байсан бол эмчлэгч эмчдээ энэ тухай ЗААВАЛ мэдэгдэнэ.

Антибиотикийн хэрэглээ

Антибиотикийг зөвхөн нянгийн халдвартай тэмцэхэд хэрэглэх нь зохимжтой байдаг. Вирусийн халдварын шалтгаантай ханиад, томуу, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, болон зарим чих хамар хоолойн үрэвсэл гэх мэт түгээмэл тохиолддог олонхи үрэвсэлт өвчнүүдийн үед антибиотикийг хэрэглэхэд:

  • Таны болон хүүхдийн чинь зовиурыг багасгахгүй
  • Халдварыг эмчлэхгүй, устгахгүй
  • Вирусын халдварыг бусдад халдаахаас сэргийлэхгүй
  • Эмийн аюултай гаж нөлөө илэрч болно
  • Хэвийн бичил биетний Антибиотикийн нянгийн эсрэг үйлдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлснээр цаашдын эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлнө.

Антибиотик хэрэглэх үед юуг анхаарах вэ?

Та болон таны хүүхэд вирусын халдварын зовиурыг бууруулахын тулд:

  • Шингэн зүйл их уух хэрэгтэй
  • Сайн амрах шаардлагатай
  • Хамар битүүрсэн бол ууран утлага юм уу давсны уусмалын хамрын цацлага хэрэглэж болно
  • Хоолойны өвдөлтийг намдаахад хоолойны цацлага, хүлхдэг эмийг хэрэглэж болно
  • Мөн та эмчээсээ жоргүй олгогддог, халдварт өвчний зовиур бууруулах эмчилгээний зөвлөгөөг аваарай
  • Эмч танд антибиотик зөвлөөгүй бол антибиотик эмчилгээ битгий шаард
  • Вирусийн халдварын үед антибиотикийг битгий хэрэглэ
  • Өөр хүнд зөвлөсөн антибиотикийг бүү хэрэглэ. Тэр антибиотик нь таны өвчинд тохирохгүй байж мэднэ. Буруу эмийг хэрэглэснээр зөв эмчилгээ хийх цагийг алдуулах, нян үржих боломжийг бүрдүүлдэг.

Хэрвээ эмч танд халдварын эсрэг антибиотик зөвлөсөн бол:

  • Эмчилгээний тунг алгасахгүй цагт нь ууж хэрэглэх
  • Эмч зөвлөөгүй бол антибиотик эмчилгээг эрт зогсоож болохгүй
  • Антибиотикийг дараа дахиад өвдөхдөө хэрэглэх зорилгоор бүү хадгал.

Антибиотикийн талаар таны мэдвэл зохих 8 зүйл

1. Антибиотик амь насыг авардаг ч өвчин болгоны үед зөв сонголт байдаггүй.

2. Антибиотик вирусийн эсрэг үйлчилдэггүй.

3. Антибиотик нь нянгаар үүсгэгдсэн тодорхой халдварын эмчилгээнд л үр дүнтэй.

4. Хэрэв та вирусийн халдвар авсан бол антибиотик уугаад сайжрахгүй.

5. Антибиотик хэрэглэх үед гаж нөлөө илэрч болно./p>

6. Антибиотик хэрэглэх нь антибиотикийн тэсвэржилт бий болгодог.

7. Хэрэв Танд антибиотик хэрэглэх шаардлага гарвал жорын дагуу хэрэглэнэ үү.

8. Гараа сайн угаах, вакцинд хамрагдах гэх мэт ханиад томуунаас урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэж эрүүл байх нь аюулгүй бөгөөд үр дүнтэй.

Эмчээс зөвлөгөө авах нь хамгийн зөв сонголт юм.

Баримтууд:

Антибиотик хэрэглэх үед түүний ашиг тустай үйлдлээс гадна гаж нөлөө болон антибиотикийн тэсвэржилт үүсдэг тул үүнд анхаарах нь чухал юм.

Антибиотик хэрэглэх үед тохиолдох нийтлэг гаж нөлөөнөөс дурьдвал: арьсаар тууралт гарах, толгой эргэх , дотор муухайрах, эсвэл мөөгөнцөрийн үрэвсэл үүсдэг.

Ноцтой гаж нөлөөг дурьдвал: антибиотикийн шалтгаант суулгалт юм. Энэ нь хүнд явцтай тохиололд амь насанд аюултай.

Вирусээр үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдварын шинж тэмдгүүд болох хамраас шингэн нус гарах, цэр гарах гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд антибиотикийг хэрэглэхгүй.

Антибиотик нь зөвхөн нянгийн шалгаантай тодорхой халдварын үед үр дүнтэй.

Түүнчлэн антибиотик нь зарим нийтлэг бактерийн халдварын үед үйлчилдэггүй жишээ нь бронхит, синусын халдвар болон зарим чихний үрэвсэл.

Антибиотик хэрэглэх үед антибиотикийн тэсвэржилт үүсдэг. Энэ нь бактерийн эсрэг үр дүнтэй эм нь зохисгүй хэрэглээнээс болж хэсэг хугацааны дараа тухайн бактерт нөлөөлөхгүй болсон үед үүсдэг.

Жил бүр АНУ-д 2 сая гаруй хүн антибиотикт тэсвэртэй бактерийн халдвар авдаг. Тэдгээрээс 23000 гаруй хүн антибиотик тэсвэржилтийн улмаас нас бардаг байна.

Иймд Танд антибиотик хэрэглэх шаардлагатай гэж үзвэл заавал эмчийн зааврын дагуу хэрэглэж хэвших.

Антибиотикийн талаар ямар нэгэн асуулт эсвэл, гаж нөлөө илэрсэн үед эмч болон эм зүйч эмнэлгийн мэргэжилтэнд хандаарай.

Насанд хүрэгсэд болон хүүхдийн дунд эмийн гаж нөлөөний улмаас яаралтай тусламжаар эмнэлэгт хандах тохиолдлыг авч үзвэл 5 хүний 1 нь антибиотикийн гаж нөлөөний улмаас үзүүлсэн байдаг.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Emergency

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

United Family Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language