Хатиг давтан гараад байвал нян судлалын шинжилгээг заавал хийлгэх хэрэгтэй

Эх сурвалж: iToim.mn

М.Одбаатар: Хатиг давтан гараад байвал нян судлалын шинжилгээг заавал хийлгэх хэрэгтэй

Интермед эмнэлгийн мэс заслын эмч М.Одбаатартай арьс болон зөөлөн эдийн халдварын талаар ярилцлаа.

-Хавар, зуны улиралд хүн амын дунд хатиг, буглаа, харшлын гаралтай өвчнүүд нэмэгддэг. Ер нь энэ төрлийн өвчин юунаас болж үүсдэг юм бэ?

-Арьс болон зөөлөн эдийн халдвар гэдэг нь идээлүүлэгч нянгаар үүсгэгддэг арьсны халдварт бүлэг өвчнийг хэлдэг. Үүнд хатиг, буглаа ч багтана. Хаврын улиралд их тохиолдоод байна гэдэг нь биеийн дархлаа сулрах, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, гэмтэл авах, ил шарх үүсэх, шарх сэдрэх, амьтанд хазуулах зэрэг зэрэг хэд хэдэн шалтгаант хүчин зүйл нөлөөлдөг. Мөн таргалалт, чихрийн шижин өвчин, дархлаа сулрах шалтгаанаас үүдэн хүний биеийн арьсан дээр халдвар үүсдэг.

-Иргэд арьсны халдвар, хатиг, буглааг илүү эмнэлгийн бус гэрийн нөхцөлд эмчлээд байдаг. Энэ нь зөв үү?

-Гэрээр эмчлэх, дур мэдэж эм уух, шахах, эсгэгч уух, гурил тавих, наалт наах зэрэг нь үр дүнтэй, сайн арга биш. Харин ч халдварыг улам цааш нь тархаах, хүндрүүлэх эрсдэл дагуулдаг. Тиймээс эдгээр шалтгаанаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

-Эмнэлгийн түвшинд арьс зөөлөн эдийн халдварын үед ямар эмчилгээнүүдийг хийдэг вэ?

-Өвчтөний биеийн байдал ямар байгаагаас шалтгаалаад эмчилгээ хийнэ. Хатиг, буглаа болоод дотроо идээ үүссэн тохиолдолд хамгийн түрүүнд мэс заслын аргаар зүслэг нээлт хийх, гарсан идээнээс нь нян судлалын шинжилгээг заавал авах ёстой. Үүний үр дүнд тухайн арьсан дээр гарсан зүйл нь ямар нянгаар өвчилсөн юм бэ, яаж эмчлэх вэ гэдэг илүү тодорхой болно. Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг. Нян судалгааны шинжилгээний хариу гарахаас өмнө мэдээж үрэвсэл ихтэй байвал антибиотик уух асуудал яригдана. Манай эмнэлгийн хувьд бол зөвхөн хатиг, буглаа ч биш, бүх төрлийн өвчинд антибиотикийг яаж сонгох ёстой вэ гэдгийг олон улсын эмчилгээний зааврын дагуу сонгодог. Шинжилгээний хариу гарсан тохиолдолд ямар антибиотикт мэдрэг байгаад байгаа юм бэ гэдгийг оношлоод, түүний дагуу шаардлагатай эмчилгээ хийлгэж, мэдрэг антибиотикийг нь уулгана. Нэг ёсондоо ямар нэгэн юм тааж эмчлэхгүй, тааж эм бичиж өгөхгүй гэсэн үг.

-Хүмүүст хамгийн их тохиолдог өвчин бол хатиг. Энэ нь ахуйн шинжтэй гэж байх уу, эсвэл тухайн хүний биеийн эсэргүүцлээс нь шалтгаалаад байна уу?

-Арьсны харшилтай хүмүүсийн бие их мэдрэг байдаг халдвар авч хатиг буглаа үүсэх тохиолдол байна. Хамгийн гол нь арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах гэсэн үндсэн шалтгаанаас болж гардаг.

-Ямар шалтгааны улмаас арьсны салстын бүрэн бүтэн байдал алдагддаг вэ?

-Гэмтэл авах, хуруугаа юманд зүсэх, ил шархтай байх зэргээс хамаарч арьсны хамгаалах хэсэг алдагдаж, нян үржиж үрэвсүүлсэнтэй холбоотой. Үрэвслийн үндсэн шинж тэмдэг буюу өвдөх, хавдах, улайх зэргээр илэрнэ. Ийм болсон тохиолдолд эмнэлэгт үзүүлэх ёстой. Халдвар цаашаа даамжирвал үжилд орж, амь нас эрсдэх аюултай.

-Интермед эмнэлэг дээр энэ чиглэлийн ямар эмчилгээнүүдийг голчлон хийж байна вэ. Хэдий хөнгөн сонсогдож байгаа ч хүндрүүлбэл аюултай байх нь?

-Мэдээж, хүндрэх юм бол аюултай. Манайд бол олон улсын эмчилгээ, оношилгооны удирдамжид арьс болон зөөлөн эдийн идээт халдваруудыг ямар эмчилгээгээр эмчилдэг вэ, тэр журмын дагуу бүх эмчилгээ хийгддэг. Идээнээс нь шинжилгээ аваад тохирсон антибиотикийг өгнө. Дараа нь боолтыг нь хийгээд өгчхөж байна. Шаардлагатай бол зүсэлт хийнэ.

-Зарим хүн идээнээс дээж авч шинжилгээ хийлгэнэ гэдгийг тоохгүй хаячихдаг тал бий. Гэтэл хатиг нэг гарчихвал олон дахин гарах гээд байдаг талтай. Цаад шалтгааныг бүрэн эмчлээгүйтэй холбоотой юм байна. Тийм үү?

-Тийм. Сүүлийн үед амбулаториор ирж үзүүлж байгаа иргэдийн 40 хувь нь арьсны зөөлөн эдийн асуудалтай байна. Үндсэн шалтгаан нь эмэнд дасалтай болсон нянгууд байна. Дахин давтаад хатиг гараад байна гэдэг нь тухайн өвчтөнд эмэнд дасалтай, олон зүйлд тэсвэртэй нянгийн эх үүсвэр байна гэсэн үг. Дур мэдэн антибиотик уух нь тухайн нянг улам тэсвэртэй болгож байгаа юм. Олон зүйлд тэсвэртэй нян нь хүний нимгэн арьстай хэсэг болох суга, цавь, хамрын дотор хадгалагдаж байдаг. Ийм халдвар нь хүрэлцэх, амьсгалах замаар халдварлана. Эдгээр төрлийн нянг олж эмчлэхгүй л бол арьсны халдвар дахин давтан гараад л байна. Идээтэй гарсан зүйлээс нь дээж аваад шинжилгээ өгсний дараа юунд тэсвэртэй нян байна вэ гэдгийг мэднэ. Үүний дараа тохирсон антибиотикийг нь 10-14 хоногийн хугацаанд байнга хэрэглэх ёстой. Энэ хугацаанд тохирсон түрхлэг, бие угаах угаах саван нь хүртэл тусдаа байх шаардлага гардаг.

-Буглаа хатигаас өөр үү. Ер нь ямар байдлаар урьдчилан сэргийлэх вэ?

-Бүтцийн хувьд өөр. Хатиг, буглаа цаашдаа хүндрээд арьсны гүний давхаргад очоод идээ хуримтлагдаад, улайж, хавдах, өвдөх зэрэг үрэвслийн шинжээр илэрч, гарч ирнэ. Буглаа үүссэн тохиолдолд арьс илүү зөөлөрдөг, нимгэрдэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хатиг, буглаа идээт үрэвслийг шахаж болохгүй гэж иргэддээ зөвлөмөөр байна. Дээд уруулаас дээшээ хамар, хацар, духан дээр гарсан хатигийг хамаагүй шахвал тархинд очиж идээт процесс явагдаж, амь нас эрсдэх эрсдэлтэй.

Арьсны үрэвслийн шинжүүд илрэх юм бол эмнэлэгт хандах нь зөв. Иргэд хатиг гарахаар цусаа солиулна гэж ярьдаг. Цусанд нян орлоо гэж бодоход систем үрэвсэл явагддаг. Жишээ нь, халуурна, үрэвслийн хордлогын шинжүүд өгнө. Ийм шинж тэмдэг илрээд удаан явбал нянгийн үжилд орох хүндрэл байна. Цусанд үжлийн процесс явагдаж, бүх бие хордлогод ордог гэсэн үг.

Арьсан дээр үүссэн шарх, буглааг маажиж, шарх үүсгэж, оролдож болохгүй. Урьдчилсан сэргийлэх хамгийн сайн арга бол гар угаах. Энэ нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, зөв арга юм.

-Ярилцсанд баярлалаа.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Emergency

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

United Family Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language