Хүүхдийн төвөнхийн цочмог үрэвсэл, төвөнхийн бачуурлын үеийн эцэг эхэд өгөх зөвлөмж

ТӨВӨНХИЙН ЦОЧМОГ ҮРЭВСЭЛ, ТӨВӨНХИЙН БАЧУУРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Төвөнхийн цочмог үрэвсэлт өвчнөөр 6 сараас 3 хүртэлх насны хүүхдүүд голчлон өвчилдөг. Илрэх гол шинж нь "хуцуулж ханиалгах- ширүүн ханиах", хоолой сөөх шинжээр илэрдэг. Өвчин үүсгэх үндсэн шалтгаан вирус байдаг.

ИЛРЭХ ҮНДСЭН ШИНЖҮҮД

Эмнэлзүйн сонгомол шинж илрэхээс (хэдэн цагаас - 2, 3 хоног) өмнө халуурах, хамраас шингэн салсархаг нус гарах зэрэг амьсгалын дээд замын цочмог үрэвслийн үеийн зовиур ажиглагддаг. Ханиалгаж байгаа чимээ нь “хуцаж” байгаа мэт эсвэл хашхирч байгаа мэт ширүүн сонсогдоно.

  • Хоолой сөөнгөтнө
  • Халуурна
  • Амьсгал нь шуугиантай, хяхтнасан чимээтэй мэт сонсогдоно.

Эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн шөнийн цагаар илэрдэг онцлогтой. Гэртээ байхдаа эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ дараах шинжүүдийг сайн ажиглаж, илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй:

  • Тайван үед хяхтнаж амьсгалах
  • Амьсгалахад бэрхшээлтэй байх
  • Арьс цонхийж цайх, хөхрөх
  • Ханиалга нэмэгдэх шүлс гоожих эсвэл шүлсээ залгиж чадахгүй байх
  • Ядарч сульдах
  • Биеийн байдал хүндрэх
  • Халуурах(>38.5C) шинж тэмдэг удаан үргэлжлэх 7 хоног хүртэл цээж татагдах - хонхолзох

ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Эмчилгээний гол зорилго нь уушгинд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төвөнхийн цочмог үрэвслийг үүсгэх үндсэн шалтгаан вирусын гаралтай байдаг тул антибиотик эмчилгээг төдийлөн зөвлөдөггүйг анхаараарай.

ХҮҮХДЭЭ ГЭРТЭЭ ХЭРХЭН АСАРЧ, АНХНЫ ТУСЛАМЖ ЗӨВ ҮЗҮҮЛЭХ ВЭ?

  • Угаалгын өрөөний шүршүүрийг нээж /халуун усны / дулаан чийгтэй манан үүсгэсэн орчинд хүүхдээ байлгах нь төвөнхийн бачуурлыг багасгадаг.
  • Хэрвээ хүүхэд халуурвал эмчийн жоргүй олгогдох парацетамол болон ибупрофен эмүүдийн аль нэгийг уулгаж халуун бууруулах, 18 нас хүрээгүй хүүхдэд аспирин өгч болохгүйг санаарай.​

Парацетамол – ижил нэрүүд acetaminophen, Tylenol

Ибупрофен – ижил нэрүүд ibuprofen, Advil, Motrin, Nurofen

  • Бүлээн шингэн хангалттай хэмжээгээр сайн уулгах
  • Хүүхэдтэйгээ хамт унтах нь шөнийн цагаар илрэх шинж тэмдгүүдийг эрт мэдэх ач холбогдолтой
  • ​Хүүхдийн дэргэд тамхи татах, хурц үнэр, утаа хиншүү гаргах нь төвөнхийн бачуурлыг нэмэгдүүлдэг болохыг бүү мартаарай.

ТӨВӨНХИЙН ЦОЧМОГ ҮРЭВСЛИЙН ШАЛТГААН, ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ

Өвчин үүсгэх үндсэн шалтгаан нь халдвар буюу вирус юм. Вирус нь хүнээс хүнд амьсгалын замаар дамжин халдварлах ба өвчтэй хүний шүлс, ханиаж найтаалгасны дараах агаар дуслын замаар халдварладаг байна.

ӨВЧНӨӨС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хүүхдийнхээ гарыг тогтмол угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх хамгийн гол алхам бөгөөд хүүхдээ хооллох болон, бие зассаны дараа эцэг эхчүүд өөрсдөө ч тогтмол гараа угааж байгаарай.

Эмийн зохистой хэрэглээний үүднээс антибиотикийг дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл