Т.Батцэцэг: Ээжүүд хөхний эмгэгийг тоохгүй орхивол идээт буглаа, бэрсүү үүсэх аюултай

Эх үүсвэр: itoim

Интермед эмнэлэгт xөxний xавдрын оношлогоо, мэс засал, мэс заслын дараах эмчилгээ зэргийг ЦОГЦООР нь шийдэн, тусламж үйлчилгээг үзүүлэх “Xөxний Төв” ажиллаж эхэллээ. Хөхний өвчлөлийн талаар цогц үйлчилгээ үзүүлж буй Интермед эмнэлгийн эмч нарыг “Эрүүл Монгол” буландаа урьж цуврал ярилцлагыг хүргэх гэж байна.

Интермед эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Т.Батцэцэгтэй жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд тохиолддог хөхний эмгэгийн талаар ярилцлаа.

Ээжүүдэд гурван төрлийн хөхний эмгэг түлхүү тохиолдож байна

-Төрсөн эмэгтэйчүүдийн хувьд хөхний эмгэгээр өвчлөх тохиолдол их гарч байна. Хөхний эмгэгт хүргэж байгаа гол шалтгаан нь юу вэ. Ер нь төрсний дараа эмэгтэй хүний хөхөнд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Төрсөн эхчүүдэд хамгийн их тохиолдож байгаа эмгэгт хөхний толгой хагарах, хөхөнд сүү зангирах, хөхний үрэвсэл зэрэг ордог. Энэ нь анх удаа төрж байгаа эхчүүдэд илүү тохиолдоно. Төрсний дараах 14 хоногт эдгээр эмгэгийн шинж тэмдгүүд ажиглагддаг. Анх удаа төрж байгаа эхчүүд хөхөө зөв амлуулж чадахгүй байгаа эсвэл xүүхдээ хөхүүлэхээсээ өмнө гараа угаагаагүй, бохир гараар хөхөндөө хүрснээс болж халдвар орж, цаашлаад хөх үрэвсэх шалтгаан болдог. Дээр нь дөнгөж төрсөн эх хүүхдээ харах гээд шөнө нойргүй хоносноос ядарч, хөхний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Мөн эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа хөхний толгойгоо бэлдээгүйгээс хөхөнд үрэвсэл үүсэх, хөхний толгой хагарах эмгэг тохиолдож байна. Үүнээс сэргийлэхийн тулд ээжүүд төрснийхөө дараа шингэн зүйл хангалттай ууж байх ёстой. Хоёрт, хүүхдээ хөхүүлэхийн тулд хөхөн дээр тусгай арчилгаа, ямар нэгэн бодис түрхэх шаардлагагүй. Харин хөхөө хэрхэн зөв амлуулах  талаар эх баригч эмчээсээ зөвлөгөө авч, төрсний дараа хамгийн түрүүнд хөхөө зөв амлуулж чаддаг байх ёстой. Гуравт, хүүхдээ хөхүүлэхээс өмнө заавал гараа угааж байх хэрэгтэй. Шим тэжээл, илчлэг, витаминтай хоол хүнсийг хэрэглэж, хангалттай унтаж амрах хэрэгтэй. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, сайтар унтаж амарвал хөхөнд аяндаа сүү орно.

-Зарим ээж хөхөө сааж байна гээд дутуу сааснаас болж хөхөнд өвчин орох тохиолдолд гардаг шүү дээ. Хөхөө хэрхэн саах ёстой байдаг юм бэ?

-Ээжүүд хөхөө саахдаа хөхний толгойгоо маш их шувтардаг. Хөхний арьс эмзэг учраас хүчтэй шувтарснаас болж хөхний толгой гэмтэнэ. Хөхний толгой хагарч, өөрт зовиур үүсээд ирэхээр ээж хөхөө хөхүүлэхээ больчихдог. Хөхний өвдөлтөөс болоод хөхөө саахгүй байхаар хөхөнд сүү хуримтлагдаж  хөх зангирах асуудал үүснэ. Тиймээс хөхөө зөв сааж сурах нь чухал.

Хөхний толгой хагарч, хөхөнд сүү зангирсан үеийн хамгийн эхний эмчилгээ бол xүүxдэдээ хөхөө сайтар хөхүүлэx, үлдсэн сүүг сайтар суллаж, саах хэрэгтэй. Хөхөнд үлдэгдэл сүү байx ёсгүй. Хүүхдэдээ хоёр хөхөө ээлжилж хөхүүлнэ. Хөхний даруулгыг хэт бариу биш байхаар сонгоорой. Мөн xөх зангирсан үед бүлээн жин тавьж болно.

Хэрвээ хөх нь хагарч, сүү нь зангирч байхад дээр дурдсан арга хэмжээг үе шаттай авахгүй бол хөхөн дэх сүү халдварлагдаж хөхний үрэвсэл үүснэ. Хөхний үрэвсэл үүссэн тохиолдолд хамгийн эхний шинж тэмдэг нь хөх хавдана, улайна, хүрэхэд хөндүүр, маш эмзэглэлтэй болж, өндөр хэмээр халуурна. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.

-Хэрвээ ийм шинж тэмдэг илрээд байхад эмчит хандахгүй, гэрээрээ эмчлээд байвал ямар эрсдэлтэй вэ?

-Тухайн үед хөхний үрэвслийг тоохгүй, эмчлээгүй тохиолдолд  хөхний идээт үрэвсэл  болж эхийн амь насанд аюултай хүндрэл үүсэх боломжтой. Идээт үрэвсэл болж буглаа үүсдэг учраас хугацаа алдвал хөхөө хагалуулах, цаашдаа хөхөнд бэрсүү үүсэх уршигтай. Алсдаа нөгөө бэрсүү нь хортой xавдар болох эрсдэлтэй байдаг. Тиймээс шинж тэмдэг илэрч байгаа бол заавал эмчид хандах ёстой.

-Төрөөгүй боловч хөх нь байнга өвддөг охид, бүсгүйчүүд байдаг. Энэ нь ямар шалтгаантай юм бэ?

-Төрөөгүй эмэгтэйчүүдэд хөхний өвдөлт элбэг тохиолддог. Хөхнөөс сүү гарах, хөхөнд үүсгэвэр тэмтрэгдэх зэрэг шинж тэмдэг илэрсний дараа эмчид үзүүлдэг. Ер нь хөхний өвдөлтийн гуравны хоёр орчим хувь нь сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой байдаг. Гуравны нэг нь сарын тэмдгийн мөчлөгтэй холбоогүй өвдөлт байдаг. Энэ нь хоёр хөхөнд ижилхэн хөндүүр, эмзэглэл бий болох зовиур ажиглагддаг ба дааврын үйл ажиллагаатай холбоотой, сарын тэмдгийн дунд болон өндгөн эс гадагшлах үед, эсвэл сарын тэмдэг ирэхээс өмнөх долоо хоногт тохиолдох нь элбэг. Дааврын үйл ажиллагаатай холбоогүй нь ихэнхдээ аль нэг хөхөнд тохиолддог. Шалтгаан нь ямар нэгэн үүсгэвэр байх, өмнө нь хөхөндөө мэс засал хийлгэсэн, хөхнөөсөө эдийн шинжилгээ авахуулж байсан зэрэг нь нөлөөлнө. Мөн хөхний өвдөлтийн бас нэгэн шалтгаан нь эмийн бодис байдаг. Ялангуяа жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаагаар xэрэглэх, цэвэршсэн эмэгтэйчүүд даавар орлох эм хэрэглэдэг. Энэ тохиолдолд хөхөнд өвдөлт үүсэх тохиолдол бий. Тиймээс хөх нь ямар шалтгаантай өвдөж байгааг мэдэхийг хүсвэл хөхний рентген шинжилгээ, хөхний эход харуулж, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Дараагийн буландаа хөхний эмгэгийг оношлох оношлогооны аргуудын талаарх мэргэжлийн эмч нарын ярилцлагыг хүргэх болно.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл