Э.Байгалмаа: Бөөрөө эрүүл байлгая гэвэл хэзээ ч шээсээ бүү барь

Эх сурвалж: peak

“Интермед” эмнэлгийн бөөрний их эмч Э.Байгалмаатай шээсээ барих нь зөв эсэх, бөөрний өвчлөлтэй холбоотой сэдвээр ярилцлаа.

Бөөрөө эрүүл байлгая гэвэл хэзээ ч шээсээ бүү барь

-Манайд ямар төрлийн бөөрний өвчлөл түлхүү байдаг вэ?

-Бөөрний өвчин дотор хоёр үндсэн бүлэг байдгийг хүмүүс анхаарч ойлгох нь чухал. Эхнийх нь бөөрний өөрийнх нь анхдагч өвчин юм. Дараагийнх нь өөр өвчнөөс үүдэж бөөр гэмтэх асуудал юм. Манай хүн амын хувьд аль аль нь тохиолдож байна. Иргэдийн хувьд хоёрдогч бөөрний өвчин байдаг гэдэг дээр ойлголт байдаггүй, үүн дээр анхаардаггүй. Бөөрний хоёрдогч өвчин: Энэ нь дэлхий дахинд чихрийн шижин, даралт ихсэх өвчин, таргалалтаас шалтгаантай бөөрний өвчлөл юм. Манай улсын хувьд сүрьеэ, бруцеллёз нэмээд элэгний В, С вирус нь өөрөө бөөрний өвчлөл үүсгэх эрсдэл болдог. Учир нь эдгээр өвчлөлүүд бөөрний хүндрэлүүд өгдөг. Бөөрний анхдагч өвчин: Маш олон шалтгаантай. Тэр дотроо нянгаар үүсгэгддэг өгсөх замын халдвар, түүний хүндэрсэн хэлбэр бөөрхий архаг үрэвсэл манайд түлхүү тохиолдож байна. Бөөрний түүдгэнцэр өвчин бас цөөнгүй оношлогддог. Энэ өвчин зовиур бараг илэрдэггүй, шинж тэмдэг багатай өвчин. Тиймээс илрүүлэхийн тулд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх ёстой.

-Бөөрний үрэвсэлтэй гэдгээ хэрхэн мэдэх вэ?

-Бөөр өөрөө чимээгүй, дүлий эрхтэн гэгддэг. Хүнд хэт илэрхий зовиур өгдөггүй. Тийм учраас бөөрний өвчний оноштой гэдгээ анзаарахгүй яваад байх нь элбэг. Учир нь бөөрийг дан ганц аппарат оношлогоогоор эсвэл судас бариулж, тухайн хүний гаднах зовиур дээр тулгуурлаж оношлох боломжгүй. Тиймээс эмнэлэгт үзүүлж байж л мэднэ. Онцгой анхаарч яаралтай үзүүлэх ангилалд дээр дурьдсан архаг суурь өвчтэй болон удамд нь бөөрний өвчин оношлогдсон хүмүүстэй мөн жирэмсэн, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд заавал үзүүлэх ёстой.

-Бөөр гэдэг эрхтний хамгийн чухал үүргийг дурьдвал?

-Бөөр бол хүний бие махбодийг хоргүйжүүлэх үүрэгтэйг хүн бүр мэднэ. Бас биеийн хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална, цусны даралтыг зохицуулдаг. Үүнээс гадна цусанд байгаа эрдсүүдийг хэвийн хэмжээнд байлгадаг, цусны төлжилтийг хариуцдаг дааврыг ялгаруулдаг эрхтэн. Цус төлжилтийн дааврын 75 хувийг бөөр нийлэгжүүлдэг.

-Тэгвэл цус багадалтаас болж бөөрний өвчин үүсэх нь ээ?

-Үүсч болно. Цус багадалт өөрөө бие даасан өвчин гэхээсээ илүү хоёрдогч шалтгаантай учраас түүнийг тодруулах нь чухал.

-Шээсээ барьдаг, бие засах ч завгүй шахам ажилладаг хүмүүс бий. Энэ хэр буруу дадал вэ?

-ЕБС-д сурч байхад л хичээлийн дундуур орж хамаагүй гарч болохгүй гэдэг шүү дээ. Бас давсаг чангатай байх гэсэн ойлголт ч бий. Гэтэл үүнээс болоод манайханд ерөөсөө шээсээ барьж сурах ёстой гэсэн буруу ойлголт суучихсан байдаг. Энэ зуршил яваандаа бөөр, шээсний замын үрэвсэл болох суурийг тавьдаг. Эрэгтэй хүний хувьд шээс дамжуулах зам нь урт учраас хүндрэл өгөх нь харьцангуй бага. Харин эмэгтэй хүний хувьд бөөр шээсний зам харьцангуй богино учраас халдвар авах эрсдэлтэй. Цаашлаад жирэмслэх явцад бөөр шээсний замын үрэвсэл түгээмэл тохиолддог. Ингэж хүндрэл үүсгээд байна гэдэг манайхны эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байгаагийнх. Барууны орнуудад цэцэрлэгийн наснаас нь шээс хүрсэн л бол бие засах ёстойг видеогоор ойлгуулж, хичээл заадаг юм билээ. Манайхны хувьд энэ талаар ойлголт муутай байдгийг АШУҮИС-д багшилж, бөөрний өвчлөлөөс сэргийлэх сургалтыг дунд сургуулиудад хийж явахдаа анзаарсан. Ихэнх хүүхдүүд энэ талаар ойлголтгүй байна.

-Шээсээ удаан баривал эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ, бөөрний өвчлөлд хэр нөлөөлөх вэ?

-Ер нь хүний шээс тодорхой хэмжээний бактери агуулдаг. 1 мл шээсэнд 1000 орчим бактери бий. Хэрэв шээсээ бариад байвал тэр бактери нь тасралтгүй үржихээс буурна гэж байхгүй. Үүнээс болж л давсаг, бөөрний үрэвслийн суурь тавигдана. Хэрэв давсагны үрэвсэлтэй ч эмчлүүлэхгүй удвал өгсөх зам буюу давсагаас дээшээ шээлүүрээр дамжаад бөөрний архаг үрэвслийг үүсгэдэг. Бөөрний архаг үрэвсэл нь бөөрний архаг дутагдлын суурь болдог талтай. Тэгэхээр бөөрөө эрүүл байлгахын тулд хамгийн анхны хийх ёстой зүйл бол шээсээ барилгүйгээр цаг тухайд нь нь бие засах юм.

-Сүүлийн үед хүмүүс ус ууж байж эрүүл байна гэж ярьдаг болсон. Бид усыг бөөрөнд ачаалал өгөхгүй хэмжээнд хэрхэн уух вэ?

-Хүнд өөрийнхөө биеийн эрдсийг хадгалах, усаа хадгалах механизм нь бий. Тэр нь цангах мэдрэмжээр зохицуулагддаг. Тэгэхээр хэрвээ цангах нь шингэн уух хэрэгцээ байна гэсэн үг. Тиймээс цангаж байгаа үедээ шингэн юм уу. Харин нэг дор их хэмжээгээр ус ууна гэдэг бие организмд ээлтэй зүйл биш. Хүний бие махбодь гэдэг орчин үеийн хэллэгээр бол маш ухаалаг бүтэцтэй өөрийгөө эрүүл байлгаж хоргүйжүүлж чаддаг. Энэ ухаалаг механизмыг өөрийг нь ажиллуулахгүйгээр, хэт их гаднаас оролдох нь тэр зохицуулгыг нь алдагдуулж л байгаа хэрэг юм. Өвчтэй хүн дээр байдал арай өөр юм.

-Бөөрний үрэвсэл өвчин бөөрний дутагдал болтол хэр их хугацаа шаардах вэ?

-Хүн болгонд янз бүрээр явагдана. Тухайлбал эмээ цагтаа ууж дэглэмээ бариж байгаа эсэхээс нэлээн шалтгаална. Зарим хүн эрүүл мэндэдээ эрчимтэй анхаарч цаг тухайд нь эмээ уудаг. Гэтэл нөгөө хэсэг нь эмчид тавиулахаа хойшлуулдаг, түүнээсээ болж хүндрүүлдэг, эмчилгээний үр дүнгээ ч бууралдаг тал бий. Цаг алдалгүй тухай бүрд үзүүлээд эмчилгээ хийлгээд явбал тэр хэмжээгээрээ үр дүн сайн байна.

-Бөөр өвдсөн хүн болгон бүс зүүвэл сайн гэдэг. Үнэн үү?

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Бүсийг ихэнхдээ бөөрний суналт үүсчихсэн туранхай өндөр хүмүүст зүүхийг зөвлөдөг. Бусад тохиолдолд бүс зүүх ямар ч шаардлагагүй.

-Нуруу өвдөхийг бөөрний өвчнөөс хэрхэн ялгах вэ?

-Нуруу өвдөх нь олон шалтгаантай. Хэрэв өндөр хэм хүрч халуурах, даралт ихсэх, шээс өнгө үнэртэй гарах, цустай шээх зэрэг шинж тэмдэг хавсарч байвал бөөрний өвчин байх магадлалтай гэж үздэг.

-Иргэд өөрсдөө дур мэдэн хийдэг ямар буруу ойлголт, эмчилгээ байна вэ?

-Охидын хувьд түгээмэл тохиолддог асуудал нь давсагны үрэвсэл буюу цистит. Тэд ихэвчлэн фэйсбүүкээр нэгнээсээ зөвлөгөө авч, шинжилгээний хариугаа уншуулж байгаа харагддаг. Үүнд нь гэртээ халуунд ваннд суу гэх мэтээр зөвлөх нь түгээмэл. Гэтэл халуун ууранд сууснаар тухайн үрэвслийг сэдрээж улам ч хүндрүүлдэг талтай. Давсагны үрэвслийг гэхэд давсаг бөөрний үрэвсэл болтол хүндрүүлнэ. Энгийнээр бодоод үзье л дээ. Халуун оронд нян бактери хурдан үрждэг шүү дээ. Үрэвсэл нь нянгийн шалтгаантай байгаа тохиолдолд ууранд суувал нян эрчимтэй үржиж үрэвсэл нь сэдрээгдэж таарна. Эмчилгээний хувьд давсагны үрэвслийг 3-5 хоног эмчилж болно. Гэтэл бөөрний үрэвсэл болж хүндэрвэл 14 хоногоос доошгүй хоногоор эмчилгээ хийлгэхээс аргагүй байдаг.

-Бөөр хэр хурдан эмчилгээ авдаг эрхтэн бэ?

-Ямар үе шатанд эмнэлэгт хандсан, эмчилгээгээ хэр оновчтой хийлгэсэн, эмчийн зөвлөгөөг хэр зэрэг даган биелүүлсэн зэргээс шалтгаална. Ерөнхийдөө аль ч үе шатандаа эмчилгээ авдаг. Зарим хүмүүс буруу ойлголтоосоо болж бөөрний өвчнөө архагшуулж хүндрүүлдэг. Гэтэл бөөрний дутагдал өвчин 5 үе шаттай гэхэд хамгийн сүүлийнхээр нь амьдрал дуусч эцсийн шатанд орж байна гэсэн үг биш. Бөөрний дутагдалтай хүн ямагт сонголттой эмчилгээтэй байдаг.Тухайлбал бөөр орлуулах эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах гээд эмчилгээний сонголт ч бас бий. Үр дүн ямар байх вэ гэдэг тодорхой хэмжээгээр эмчлүүлэгчээс, мэдээж эмчээс шалтгаална. Архаг явцтай удаан хугацаанд бөөрний эмчилгээ хийлгэж байгаа хүний хувьд ихэнхдээ “Миний өвчин эдгэхгүй юм чинь...” гэсэн байдлаар эмнэлэгт, эмчид үл итгэх байдал үүсдэг. Үүнээс болоод эмээ уухаа болих, эмнэлэгт үзүүлэхгүй байх тохиолдол гардаг. Энэ л хамгийн хэцүү асуудал. Гэтэл бөөр солих, бөөрний аппаратанд орох хүртлээ 5 жил амьдрах уу эсвэл 10 болох уу гэдэг дээр маш их ялгаа бий. Тэр байтугай нэг сар гэдэг бага хугацаа биш. Үүнийг магадгүй цаг хугацаагаар аялдаг байсан эмчилгээ хийлгэсэн бас хийлгээгүй өөртэйгээ уулзаж байж мэдэх болов уу. Уг нь эдгээр эмчилгээнүүд дээр харьцуулсан судалгаа бий. Үүнийг олж уншиж байх нь чухал. Дэлхийн төдийгүй манай практикт ч эмчийн зөвлөснөөр эмчилгээ хийлгэсэн хүний амьдралын чанар нь хамаагүй илүү байдаг.

-Таргалалт бөөрний өвчинд хэр нөлөөтэй вэ?

-Туранхай, тарган аль нь байсан ч өвдөхөө хүрвэл өвдөнө. Харин ч таргалалт өөрөө бөөрний өвчнийг үүсгэдэг учраас илүү өртөмтхий байна.

-Сүүлийн үед бөөрний өвчнийг анагаах шинэ нээлт эмчилгээ нэвтэрсэн үү?

-Дэлхий дахинд бөөр хамгаалах эмчилгээ гэж гарсан. Үүнээс үүдэн бөөрний өвчлөл, бөөрний архаг дутагдлын явц хэд дахин удааширсан гэж үздэг. Яг энэхүү эмчилгээн дээр хамгийн олон тооны судалгааг чихрийн шижин өвчин дээр хийсэн. Өмнө нь чихрийн шижин өвчнөөр оношлогдож хяналтанд орсон хүн хяналт сайтай эсэхээс хамаараад 5 жилийн дараа бөөрний дутагдалд орж аппарат эмчилгээ хийлгэдэг байлаа. Харин бөөр хамгаалах эмчилгээ хийдэг болсноос хойш энэ хугацаа 10-20 жил хүртэл уртассан.

-Бөөрөө хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх вэ?

-Туранхай, тарган аль нь байсан ч өвдөхөө хүрвэл өвдөнө. Харин ч таргалалт өөрөө бөөрний өвчнийг үүсгэдэг учраас илүү өртөмтхий байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл