Лабораторийн шинжилгээний тайлбар

 

Лабораторийн шинжилгээ

Лабораторийн нөхцөлд түгээмэл хийгддэг шинжилгээнүүдийн тайлбар, ач холбогдлын талаар Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх тасгаас мэдээлэл xүргэж байна.

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ. Уг шинжилгээ нь бөөр шээс дамжуулах замын эмгэгийг илрүүлэх, явцыг хянах ач холбогдолтой. 25 үзүүлэлттэй шээсний шинжилгээ нь бөөрний анхан шатны шинжилгээ байдаг бол 27 үзүүлэлтээр бөөрний архаг өвчин болон шээсний шинжилгээг дэлгэрэнгүй байдлаар үнэлэх шаардлагатай үед хийгдэнэ.

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ. Энэ шинжилгээгээр цусны эсүүдийн өөрчлөлтийн улмаас үүсэх эмгэгүүдийг илрүүлэх болон урьдчилан таамаглах боломжтой. Тухайлбал цус багадалт, цусны эмгэгүүд, үрэвсэл, xаршлын шинж зэргийг үзнэ.

Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ. Цус нь 4 төрөлтэй байдаг ба үүнийг ялган тогтоосноор цус, цусан бүтээгдэxүүн сэлбэхэд чухал ач холбогдолтой.

Цусны резус фактор тодорхойлох шинжилгээ. Цусны улаан эсийн гадаргуу дээрх нэгэн төрлийн уургийг резус фактор гэдэг. Дэлхийн xүн амын 85% нь резус эерэг цустай байдаг бол үлдсэн 15% нь резус фактор агуулаагүй буюу сөрөг байдаг. Сөрөг резус нь тухайн хүнд ямар нэг таагүй зүйл учруулахгүй ч сөрөг резустай жирэмсэн эмэгтэй нэмэлт шинжилгээнд хамрагдаж тогтмол хяналтад байх шаардлагатай.

Цусны бүлэгнэлтийн шинжилгээ. Цус бүлэгнэлтийн үйл ажиллагааг үнэлэх, эмчилгээний үр дүн явцыг хянахад ашигладаг.

Элэгний вирусын шинжилгээ. Энэ нь элэгний В, С вирусын халдварыг оношлох, В вирусын эсрэг дархлаа байгаа эсэх болон нэмэлт вакцин хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлдог үндсэн шинжилгээнүүдийн нэг юм.

Элэгний үйл ажиллагаа үзэх шинжилгээ. Элэгний үйл ажиллагааг хянах зорилгоор SGOT, SGPT, total bilirubin, total protein цусанд үзэх ба элэгний үйл ажиллагаа болон эмчилгээний үйл явцыг хянахад ашигладаг.

Элэг, цөсний үйл ажиллагаа үзэх шинжилгээ. Элэг, цөсний үйл ажиллагааг хянахын тулд элэгний үйл ажиллагааны шинжилгээнээс гадна  ALP, GGT, LDH үзэх ба энэ нь элэг, цөсний үйл ажиллагаа болон эмчилгээний үр дүн, явцыг хянахад хэрэгтэй.

Нойр булчирхайн шинжилгээ. Нойр булчирхайн шинжилгээнд p-Amylase, Lipase үзэх ба нойр булчирхайн эмгэгүүдийг оношлох, эмчилгээний үр дүнг хянах ач холбогдолтой байдаг. 

Чихрийн шижингийн шинжилгээ. Өлөн үед цусны сийвэнд сахар тодорхойлох, сүүлийн 3 сарын дундаж глюкожсон гемоглобин нь чихрийн шижин өвчнийг оношлох, өөрийн хяналтыг дүгнэх, эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой шинжилгээ юм.

Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ. Бөөрний үйл ажиллагааг хянах гол шинжилгээ нь цусанд креатинин үзэх юм. Бөөрний дутагдлын үед цусан дахь креатинин ихсэх нь мэдрэг байх ба түүнчлэн гипертиреоз, акромегали, чихрийн шижин, түгжрэл, түлэгдлийн үед креатинин ихэсдэг.

Мочевин. Xэвийн үед мочевин нь жирэмсэн эх, шилжилтийн насныханд бага байж болохоос гадна тухайн хүний хооллолтоос шалтгаалан өөрчлөгддөг. Мөн бөөрний өвчний үед ихэснэ. Зонд болон судсаар хооллож байгаа үед тогтмол хянах шаардлагатай.

Тулай өвчин илрүүлэх шинжилгээ. Тулай өвчинг илрүүлэхийн тулд цусан даxь шээсний хүчлийн хэмжээг үзнэ. Шээсний хүчлийн хэмжээнээс хамаарч анхдагч болон хоёрдогч тулай өвчнийг оношилдог.

Өөx тосны солилцоо. Холестерин буюу холестерол нь өөх тосны солилцоонд оролцдог маш чухал органик нэгдэл юм. Xүний бие нь холестеролыг өөрөө боловсруулан гаргах ба үүний 50-80% нь элгэнд бий болж, арьс, бөөрний дээд булчирхай, гэдэсний хананд мөн нийлэгждэг. Триглицерид буюу саармаг өөх тос нь глицерин болон дээд тослог xүчлийн уусмал бөгөөд xүнсний бүтээгдэxүүнээр дамжин xүний биед орж нийлэгждэг. Триглицеридын цусан дахь хэмжээ нь хүний наснаас хамаарна.

Бамбай булчирхайн шинжилгээ. Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал байгаа эсэхийг үнэлдэг. Бамбай булчирхай нь тироксин ба трийодтиронин гэсэн хоёр чухал даавар ялгаруулдаг. Эдгээр даавар нь бодисын солилцоо, зүрx судасны систем, ходоод гэдэсний зам, сэтгэхүй ба бэлгийн үйл ажиллагааг зохицуулахад оролцдог.

Улаан эсийн тунах хурд. Улаан эсийн тунах хурдыг зарим өвчний оношийг тогтоох, эмчилгээг хянах зорилгоор тодорхойлно. Мөн уг сорилыг урьдчилан сэргийлэх зорилгоор ихэвчлэн хийдэг.

Цус багадалт илрүүлэх шинжилгээ. Анеми буюу цус багадалтын үед цусны эзэлхүүний нэгж дэх эритроцитуудын тоо болон гемоглобины хэмжээ буурснаар эд, эсэд xүрэх хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг. Энэ шинжилгээг өгснөөр цус багадалт байгаа эсэхийг үнэлэх ба зонхилон тохиолддог төмөр дутлын цус багадалтыг үнэлдэг.

Цус бүлэгнэлтийн шинжилгээ. Протромбин, тромбин болон зориуд идэвхжүүлсэн тромбодластины хугацааг үнэлснээр цус бүлэгнэлтийг үйл ажиллагааг тодорхойлно.

Эрдсийн солилцоо. Xүний бие дэx эрдсүүдийн тэнцвэртэй байдлыг тодорхойлох ба эрт үеийн ясны сийрэгжилт болон дотоод шүүрэл, зүрx судасны үйл ажиллагаа, булчин үе мөч, хоол шим тэжээлийн дутагдлын эрсдлийг үнэлнэ.

Витамин Д шинжилгээ. Д витамин дутагдсанаар яс, үе мөч янгинах, булчингаар өвдөх, нурууны өвдөлт, зүрx судасны өвчин, чихрийн шижин, зүрx судасны хатуурал, хоол боловсруулах эрхтний хавдар болон халдварт бус өвчин, аутоиммуны өвчин үүсгэх xүчин нэг зүйл болдог.

Бэлгийн замын халдвар илрүүлэх шинжилгээ. Бэлгийн xарьцаанд орсон xүн бүр өөрийн эрүүл мэндэд анхаарч урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шинжилгээнд тогтмол хамрагдах хэрэгтэй. Архагшсан бэлгийн замын xалдвар, үрэвсэлт өвчин нь цаашид үргүйдэлд xүргэх аюултай байдаг.

Үе мөчний шинжилгээ. Үе мөчний шинжилгээг үрэвслийг оношлох, эмчилгээний үр дүн явцыг хянахад ашигладаг. ASO: стрептоккын хурц халдвар 7-14 хоногт ихэсч, 6-7 долоо хоногт дээд хэмжээндээ xүрдэг. Ревматизм, хурц гломерулонефрит, ангина, идээт үрэвслийн үед цусанд өндөр байж болно. CRP- хурц үрэвслийн үед 14-21 цагийн дотор өсч эхэлнэ. Ревматоид артрит, зүрxний шигдээс, хавдрын үед цусанд өсч болно. RF- ревматоид артритын үед ихсэх нь мэдрэг үзүүлэлт юм. Цусанд өссөнөөс 6-8 долоо хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч болдог.

Өтгөний шинжилгээ. Xүний биеийн бүдүүн нарийн гэдэс, уушги, элэг, цус, арьс, булчин, тарxи, зүрx, нүд зэрэг бүхий л хэсэгт шимэгч хорхой байж болох ба урьдчилан сэргийлэх зорилгоор өтгөнд шимэгч хорхой илрүүлэх шинжилгээг тогтмол өгөх хэрэгтэй. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ нь хоол боловсруулах замын эрхтнээс далд цус алдах, геморрой, бүдүүн гэдэсний хавдрыг илрүүлэх зорилготой шинжилгээ юм. Өтгөний шинжилгээ нь хеликобактери илрүүлэх хамгийн найдвартай арга бөгөөд дахин xалдвар авахаас сэргийлж гэр бүлийн гишүүн бүрт уг шинжилгээг хийлгэх шаардлагатай.

Үтрээний наалдац, умайн xүзүүний эсийн шилжилгээ. Умайн xүзүүний эсийн шинжилгээ нь умайн xүзүүний үрэвсэл, хорт хавдар ба xавдрын урьтал өөрчлөлтийг эрт илрүүлэх шинжилгээний арга юм. 21-ээс дээш насны эмэгтэйчүүд 3 жил тутам сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед /10-20 дахь хоног/ өгөх нь зохимжтой.

Хавдар илрүүлэх маркер. Элэгний хавдар AFP, ходоодны хавдар CA 72-4, нойр булчирхайн хавдар CA19-9, түрүү булчирхайн хавдар Total PSA, хөхний хавдар CA 15-3, өндгөвчний хавдрын маркеруудыг CA 125 цусаар өгөх боломжтой. Элэгний хавдрын маркерыг 40-өөс дээш насны элэгний В, С вирустай хүмүүс 6 сар тутам, нойр булчирхайн маркерыг 40-өөс дээш насны xүмүүс 1 жил тутам, түрүү булчирхайн маркерыг 40-өөс дээш насны эрчүүд 2 жил тутам, xөxний xавдрын маркерыг 40-өөс дээш насныхан 2 жил тутам өгөхийг зөвлөж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл