АМЬДРАЛЫН ДЭНС

Хагацал учрал, цөхрөл итгэл гээд амьдралын түмэн өгөгдлүүдийн дундах торгон мөчид хүний сэтгэлийн үелзэл хамгийн дээд цэгтээ ирдэг. Тэр дундаас үхэл амьдрал шийдэгдэх мөч хамгийн торгон хийгээд эгзэгтэй нь байж таарна. Тэр л эгзэгтэй мөчийн уулзвар дээр үргэлж ажиллаж, хүмүүсийг амьдралд эргэн авчирдаг түүхийг бүтээгчид нь гагцхүү эмч нар билээ.

Цагаа олсон шийдвэр хүний амины үнэтэй

31 настай Ганхүлэг хэмээх залуу санамсаргүй байдлаар улаан хоолойгоо гэмтээж эмнэлэгт хүргэгджээ. Цаг алдалгүй эмнэлэгт ирсэн ч онош нь тогтоогдолгүй 24 цаг болов. Өвчтөний биеийн байдал тун хүнд байсан тул Гэмтэл согог Судлалын Үндэсний төвийн Түмэн-Өлзий эмч “Интермед” эмнэлгийнхэнд ханджээ. Ходоод болон уушгины дурангийн багажийн бололцоо эмнэлэгт илүү тул тийшээ хандсан байна. Улмаар “Интермед” эмнэлгийн эмч нар ч цаг алдалгүй ажиллаж, улаан хоолой задарсныг тогтоожээ. Ингээд гэмтэл авснаас 48 цагийн дараа яаралтай хагалгаанд оров. Энэ мөч чухамдаа Ганхүлэгийн хувьд үхэл амьдралыг салгах эгзэгтэй аюултай ч авралтай үе байлаа.  Энэ тухай “Зөв цагт зөв шийдвэр гаргаж, зөв менемженттэй ажилласнаараа энэ хүнийг аварсан” гэж “Интермед” эмнэлгийн мэдээгүйжүүлэлгийн эмч Н. Батгомбо хожим ярьсан юм.

Ганхүлэгт яаралтай журмаар хоёр үе шаттай мэс засал хийсэн бөгөөд эхнийх нь задарсан улаан хоолойг тайрах байв. “Улаан хоолой гэдэг бол шүднээс ходоодны амсар хүртэлх 38-40 см урттай, хоол дамжуулах эрхтэн бөгөөд уушги, зүрх, цагаан мөгөөрсөн хоолой зэрэг эмзэг эрхтэнүүдийн дунд байрладаг учраас гэмтээсэн тохиолдолд амь аврагдах боломж тун бага байдаг.  Энэ төрлийн гэмтлийн үед хийгдсэн анхны хагалгаа бол энэ байсан” хэмээн хагалгааг удирдсан,  “Интермед” эмнэлгийн мэс засалч А. Болд хэлсэн юм. Үнэндээ улаан хоолой гэмтлээс болж задрах тохиолдол ховор байдаг аж. Бөөлжих, огихзэргээр настай хүмүүст л илүүтэй тохиолддогоос гадна хавдраас үүдэлтэй улаан хоолойн мэс ажилбарыг манайд цөөнгүй хийдэг байна.

Эхний хагалгаанаас хойш 46 хоногийн дараа ходоодыг нь нарийсган улаан хоолойг орлуулах мэс заслыг хийв. Улаан хоолойгоо тайруулсан дараа тэрбээр нарийн гэдсэнд байрлуулсан гуурсаар шингэн хоол, цай дамжуулж хооллож байжээ. Энэ тухай Ганхүлэг ярихдаа, “Амаар юм идээгүй болохоор жин их хаясан. 68 кг байснаа 47 кг болтлоо турсан. Хоёрдахь хагалгааны дараа амаараа хоол иддэг болоод жин нэмж, тамир тэнхээ орж байгаа. Алтан гартай эмч нар, сайн эмнэлгийн ачаар эсэн мэнд гарсан. “Интермед”-ийн эмчилгээ, үйлчилгээ ч сайн. Өвдсөн хүмүүст найрсаг сайхан үйлчилгээ өвчин зовиураа хугаслахад их хэрэгтэй юм билээ” гэсэн. Ийнхүү Ганхүлэгийнх хэмээх энэ залуухан гэр бүлийн эхнэрийг ханьтай нь, бяцхан хүүг аавтай нь үлдээх буянтай үйлийг хийсэн нь “Интермед” эмнэлгийн мэс заслын багийнхан байлаа.

А. Болд: Үнэндээ манайх бахархахгүй байхын аргагүй багтай

Ер нь тус эмнэлэгт Ганхүлэгтэй адил амьдрал үхлийн дэнсэн дээр байгаа хүмүүс их ирдэг. Энэ нь “Интермед” эмнэлэг орчин үеийн тоног төхөөрөмж дээр суурилсан учраас улсын эмнэлэгт хийх боломжгүй хагалгааг, хүнд мэс заслуудыг энд хийдэгтэй холбоотой. Энэ сэдвээр мэс засалч Болдтой цөөн хором ярилцсан юм.

-Гэмтлээс болж улаан хоолой задрах тохиолдол цөөн байдаг гэсэн. Тэгэхээр энэ төрлийн мэс засал бас ховор хийдэг гэсэн үг үү?

- Хавдар судлалын эмнэлэг дээр хортой хоргүй хавдрын үед хийдэг мэс ажилбарын нэг аргачлалыг энэ хүн дээр (Ганхүлэг) хийсэн. Анх хэвтсэн Гэмтлийн эмнэлэгт цээжний хөндийд гуурс тавьтал хоолны үлдэгдэл шиг зүйл гараад байна, улаан хоолой нь гэмтсэн байх магадлалтай гэсэн. Манай эмнэлэгт дурандаж үзэхэд улаан хоолойд 26-30 см цууралт харагдсан. Тиймээс яаралтай журмаар хоёр шаттай мэс ажилбар хийх болсон.  Эхнийх нь гүн хордлогоос нь гаргах, хоёрдугаарт нөхөн сэргээх мэс ажилбар хийе гэсэн хоёр төлөвлөгөөтэй ажилласан.

-Жаахан л цаг алдсан бол тухайн хүний амь нас яригдах их эгзэгтэй үед хийсэн хагалгаа юм билээ.

-Улаан хоолой гэмтэнэ гэдэг өөрөө их аюултай. Олон эмзэг эрхтэний дунд нуугдмал байдаг учраас мэс засал хийхэд эрсдэл өндөр. Тэр залуугийн төлөө манай болон улсын бусад эмнэлгийн эмч нар, ар гэрийнхэн, тухайн залуугийн ажлын газрынхан гээд олон хүний дэмжлэгээр ийм үр дүн гарч байгаа юм. Эхний хагалгаагаар задарсан улаан хоолойг тэр чигт нь тайраад, дээд хэсгээр нь улаан хоолойг ил гаргаад,  ходоодыг дээрээс нь битүүлээд хооллох гуурс тавьсан. Ингээд 46 хоногийн дараа эргэж ходоодоо нарийсгаж, улаан хоолойг орлуулан хийсэн. Ингэхдээ цээжний хөндийн ар хэсгээр явуулаад хүзүүнд нь аваачиж залгасан. Нэг ёсондоо энэ бол улаан хоолойн дунд буюу дээд гуравны нэгт байрласан хавдрын үед хийдэг мэс ажилбар. 

-Танай эмнэлгийн гол давуу тал орчин үеийн техник технологи болов уу?

-Яах аргагүй манайх руу ханддаг гол шалтгаан тэр.  Гэхдээсайн тоног төхөөрөмж, сайн эмч нар цогцоороо байж бодитой үр дүн гарна. Тэр талаараа манайх бахархахгүй байхын аргагүй баг л даа.Манай эмнэлэг асар их үнэтэй гэдэг ойлголт олон нийтийн дунд байдаг шиг байгаа юм. Тийм биш. Жишээ нь,Солонгосоос гурав дахин, Японоос  4-5 дахин бага үнэтэй. Ганхүлэгийн мэс заслын тухайд хамгийн баярламаар зүйл бол тухайн залуугийн ажиллаж байсан компани. Компанийн захирал нь үнэхээр захирал шиг хүн байсан. Ганхүлэг ажилд ороод есхөн сар болсон байсан ч эмчилгээний бүх зардлыг нь гаргасан.

-Бас хүмүүст улсын эмнэлгийн ачаалал их, хувийнх бага гэсэн ойлголт байдаг?

-Бидний ачаалал бага биш. Хувийн эмнэлэгт ажилласнаараа өвчтөнүүдтэйгээ илүү тогтож ажиллах боломж бүрддэг. 15-20 минутыг тухайн өвчтөнд зарцуулж, тухайн хүн болон ар гэрийнхэнд нь эрүүл мэндийн боловсрол олгодог. Хүмүүс дандаа яагаад гэдэг асуулттай орж ирдэг шүү дээ. Тэднийг цаашдаа эрүүл мэндээ зөв явах замыг нь хэлж ойлгуулдаг. Тэгэхээр ачааллын хувьд бага гэж хэлж болохгүй.

-Гэхдээ стресс харьцангуй бага байх?

-Ер нь нуулгүй хэлэхэд стрессгүй эмч гэж байдаггүй. Хувьд ч, хувьсгалд ч. Тэр дундаа мэс заслын эмч маш стресстэй ажил. Нэг удаа би гадаадын  нэг орны мэс заслын эмчийн хүүгийн бичсэн захиаг уншиж байхад тэнд “Миний аав өвчтөнийхөө аав нь юм шиг л байдаг. Тэд дуудахад хэзээ ч байсан аав яваад очдог. Харин би аавтайгаа хамт байя гэхээр надад олддоггүй” гэсэн байсан. Үнэхээр л тийм.

Агаарын хүчтэй долгион улаан хоолойг задалжээ

Аливаа аюул осол хэлж биш хийсч ирдэг. Ганхүлэг цахилгаан станцын засвар хийдэг нэгэн компанид ажиллаад есөн сар болж байв. Тус компани станцын засвараас гадна хүчилтөрөгчийн баллон үйлдвэрлэдэг байсан бөгөөд тухайн өдөр хоосон баллоны таг буудсанаас болж, Ганхүлэгийн хоолой гэмтсэн аж. Үүнийг мэдээгүйжүүлэлтийн эмч Н. Батгомбо тайлбарлахдаа, “Хүчилтөрөгчийн баллон буудахад өрөөний агаарын долгион өөрчлөгдөж, улаан хоолойг нь задалсан. Өөрөөр хэлбэл, улаан хоолойг задлах хэмжээний тийм хүчтэй долгион үүссэн гэсэн үг. Түүнээс биш баллоны хийнээс болсон хэрэг биш” гэв.  Тухайн  агаарын долгион хоолойг гэмтээгээд зогсоогүй  уушгийг мөн хүндээр гэмтээж  мөн хоёр хавиргыг нь хугалсан байна. “Энэ төрлийн гэмтлээр ирж амьд гарсан анхны тохиолдол гэж эмч нар хэлж байсан. Тэгэхээр би ёстой л ус уух хувьтай хүн байжээ гэж боддог юм” гэж Ганхүлэг хэлсэн юм. Гуравхан сарын өмнө гуурсаар хооллож, нүднээс гартлаа турсан байсан залуу өдгөө өвдөх өвчингүй эрүүл саруул инээмсэглэсээр уулзахдаа “Интермед” эмнэлгийн хамт олонд талархсан сэтгэлээ дамжуулахыг хичээнгүйлэн хүссэн юм. 

7001-1111

Мэдээллийн ажилтан

7000-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл