Ходоодны уян дурангийн шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?

Ходоодны уян дурангийн шинжилгээний талаар мэдвэл зохих зүйлс

Ходоодны уян дурангийн шинжилгээ гэж юу вэ?

Энэ нь уян дурангийн тусламжтай улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дотор талаас нь харж шинжлэн шаардлага гарвал эдийн шинжилгээ, гадны биет авах, ургацаг авах болон цус тогтоох зэрэг ажилбар хийдэг шинжилгээний арга юм.

Та дурангийн шинжилгээнд ирэхдээ 2-3 цаг зарцуулна гэж төлөвлөж ирэх хэрэгтэй. Дурандах үйл ажиллагаа нь 10-15 минут үргэлжилдэг ба дурандах үед салстын өөрчлөлт илэрвэл эдийн болон бактерийн шинжилгээ авч болох давуу талтай.

Ямар тохиолдолд ходоодны уян дурангийн шинжилгээнд орвол зохистой вэ?

Та дурангийн шинжилгээний өмнө доорх зүйлийг дагаж мөрдсөнөөр хүндрэлээс сэргийлэх боломжтой

Хэрэв та:

  • Одоо эм, витамин, ургамлын гаралтай эрүүлжүүлэх бэлдмэл, нэмэлт тэжээл хэрэглэдэг бол,
  • Цус шингэлэх үйлчилгээтэй эм тогтмол уудаг бол,
  • Эмийн бодис болон бусад зүйлсэд харшилтай бол,
  • Зүрхний хиймэл хавхлага суулгасан бол, замбараагүй эм хэрэглэдэг зуршилтай бол
  • Дурандуулахын өмнө шүдний эмчилгээ болон мэс засал хийлгэж антибиотик уух зөвлөгөө авсан бол ЭМЧДЭЭ МЭДЭГДЭНЭ ҮҮ.

Ходоодны уян дурангийн шинжилгээнд хэрхэн бэлдэх вэ?

  • Дурандуулахаас 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм, бэлдмэл хэрэглэж болохгүй ба унтуулгатай дурандуулах, ургацаг авахуулах бол гэр бүлийн НАСАНД ХҮРСЭН 1 хүний хамт ирэхийг 
  • Дурангийн шинжилгээнд ирэхдээ ходоод хоосон (хоол сойсон) байх ба дор хаяж 6 цагийн өмнөөс ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн идэж, уухгүй байх
  • Аливаа эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн, шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг тул даралтны, зүрхний гэх мэт эмчийн заалтаар зайлшгүй уух шаардлагатай эмийг өглөөний 5 цагийн орчимд 1 балга усаар даруулан уух
  • Тамхи татаагүй, бохь зажлаагүй, хумсны лак, уруулын будгийг арилгасан байх
  • Гар утас, үнэт эдлэл, мөнгө, хиймэл шүд зэргийг гэртээ үлдээх, хамт явж байгаа хүнд хадгалуулах буюу цүнхэндээ далд хийсний дараа дурангийн өрөөнд орох

Дурангийн шинжилгээ хийлгэхийн өмнө:

  • Гарын шууны венийн судсанд уян зүү байрлуулан, тайвшруулах тариа хийнэ
  • Шүршдэг мэдээ алдуулах бодисыг хоолойд цацсанаар огих бөөлжихөөс урьдчилан сэргийлнэ

Шинжилгээний явцад салстын өөрчлөлт илэрвэл яах вэ?

Салстад эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд дурандах явцдаа эмч эдийн шинжилгээ (ходоод, улаан хоолойн хананаас жижигхэн хэсгийг тусгай багажаар авах) авч лабораторид илгээнэ. Эдийн шинжилгээгээр маш олон өвчнийг оношилж, хавдрыг ч илрүүлэх боломжтой. Зарим тохиолдолд шинжилгээ авсан хэсгээс цус шүүрэх хандлагатай байдаг ба ийм тохиолдолд:

  • Цус тогтоох тариа хийх
  • Цус алдаж буй хэсгийн судсыг боох, түлэх
  • Цус алдаж буй хэсгийг хавчаараар хавчих зэрэг эмчилгээг дурангаар хийнэ.

Ургацаг авах болон бусад шинжилгээ, эмчилгээ хийгдвэл нэмэлт төлбөр хийгдэх болохыг анхаарна уу.

Шинжилгээний дараа яах ёстой вэ?

  • Тайвшруулалттай дурандуулсан бол тайвшруулах эмийн үйлчилгээ гартал 30 минутаас 1 цаг хүртэлх хугацаанд эмнэлэгт эмч, сувилагчийн хяналтад байна. Шинжилгээнээс 30 минутын дараагаас бүлээн шингэн уух, 2 цагийн дараагаас зутан, шөл ууж эхэлнэ.
  • Шинжилгээний дараа хоолой хөндүүрлэх, цээжээр өвдөх, гэдэс дүүрэх мэдрэмж төрж болно. Энэ нь дурангийн явцад ходоодонд хий шахдагтай холбоотой ба дээрх шинжүүд аажим арилна.
  • Шинжилгээ авсан тохиолдолд шинжилгээний төрлөөс хамаарч ажлын 3-10 хоногийн дараа хариу гарна.
  • Дуран шинжилгээгээр өөрт тань ямар нэгэн эмгэг өөрчлөлт илэрсэн эсэх, давтан үзүүлэх шаардлагатай эсэх, шинжилгээний хариу хэзээ гарах, хаанаас авах талаарх мэдээллийг эмчээс асууна уу.

Анхаарах зүйлс

Тайвшруулах эмийн үйлчилгээ 24 цагийн дараа бүрэн арилдаг. Эдгээр эм нь сэтгэн бодох, шийдвэр гаргах чадварт нөлөөлдөг тул та өөрийн аюулгүй байдлын үүднээс доор дурдсан зүйлсийг 24 цагийн дотор хийхгүй байхыг танд зөвлөе. Үүнд:

  • Автомашин, өөрөө явагч механизм жолоодохгүй, дугуй унахгүй байх
  • Аливаа багаж төхөөрөмжтэй харьцахгүй байх (гэр ахуйн хэрэглээний цахилгаан бараа үүнд хамаарна)
  • Хуулийн бичиг баримт болон чухал албан баримт бичигт гарын үсэг зурахгүй байх
  • Тайвшруулах бодистой харшлах тул спиртийн төрлийн бүтээгдэхүүн, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

Танд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу.

  • Хэвлийгээр удаан өвдөх
  • Залгихад хүндрэлтэй байх
  • Халуурах
  • Цээж болон хоолойгоор хатгаж өвдөх
  • Тариа хийсэн хэсэгт 48 цагийн дотор хавдах, улайх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл