Б.Тунгалаг: Сэтгэл зүйн хямралын нөлөөгөөр ходоод гэдэс хүчтэй агшдаг цочирдог

Эх үүсвэр: http://www.peak.mn/news/btungalag

Xоол боловсруулах эрxтний эмгэг судлаач эмч Б.Тунгалагтай ярилцлаа. Тэрбээр гайхуулах юм биш дээ, гэхдээ Монголчууд маань ходоодны хавдарын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна гэсэн юм.

-Зуны улиралд түгээмэл тохиолдог ходоодны өвчлөл юу вэ?

-Хамгийн түгээмэл тохиолддог ходоод гэдэсний хямрал, хоолны хордлого. Шалтгаан нь вирус юм уу бактери байдаг. Ихэвчлэн чанарын аюулгүй байдал алдагдсан хоол хүнс эсвэл нэг нэгнээсээ халдварлана. Энэ болгон дээр манайхан ам дамжсан худал үнэн мэдэгдэхгүй эмчилгээ хийдэг нь эргээд эсрэг үйлчилгээ болох нь бий. Жишээ нь зэрлэг амьтны мах идэх, дур мэдэж эм уух нь элбэг. Гэтэл ходоод гэдэс цочирч өвдөх шалтгаан вирус байдаг. Хүмүүс дур мэдэн антибиотик хэрэглэдэг нь эсрэгээгээ зовиур шаналгааг нэмэгдүүлж байдаг.  Учир нянгийн эсрэг эм нянгийн эсрэг л үйлдэлтэй шүү дээ. Тиймээс ямар шалтгаантай эмгэг үүсч байгаагаа мэдэхийн тулд эмчид үзүүлж байж л эмчлүүлэх хэрэгтэй.

-Энэ тохиолдолд гэрээр эмчлэх арга бий юу?

-Шууд л эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэзээ ч дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. 

-Монголчуудын дунд ходоодны үрэвсэл үүсэх хамгийн гол шалтгаануудыг дурьдвал?

Хелико бактер: Ходоодны үрэвслийн хамгийн том шалтгаан нь хеликобактер. Энэ бактерийг антибиотик эмчилгээ бас олон улсын эмчилгээний удирдамжид зааснаар л эмчилнэ.Эмч болгон нэг аргаар л эмчлэх ёстой. Сайн эмч гээд тусдаа жор гаргаад эмчилчихдэг юм биш. Гол нь оношлогоогоо яг мэргэжлийн газар эмчид хандаж хийлгэх нь чухал. Манайханд надад угаасаа хеликобактер бактер байгаа гээд шинжилгээ өгөхгүй эмчилгээ хийлгэчихдэг тал бий. Асуудал үүссэн бол түүнийг үзүүлж оношлуулах нь чухал.

Хорт зуршил: Архи тамхи ходоодны салстыг шууд гэмтээдэг. Ялангуяа олон жил архи тамхи хэрэглэвэл яваандаа ходоод үрэвсүүлдэг. Үрэвсэл үүсвэл ходоодны салст хатангирших зэрэг эмгэг процесс  явагдана. Хүнд ямар нэгэн зовиур шаналгаа өгөхгүй ч байж болно. Энэ нь яваандаа ходоодны шархлаа, шалбархай үүсгэж хэсэг хугацааны дараа ходоодны хорт хавдар үүсгэх шалтгаан болно.

Эмийн хэрэглээ: Парацетамол, ибупрофен, диклоденк зэрэг өвчин намдаах эмүүдийг монголчууд түгээмэл хэрэглэдэг. Хэн дуртай нь эдгээр өвчин намдаах эмийг хэрэглэж байгаа нь өөрөө асуудал болчихжээ. Эмийн жороор олгогддоггүй нь ч үүнд нөлөөлж байна. Гэтэл өвчин намдаах эмийн шалтгаант ходоодны бие даасан өвчин хүртэл бий. Эмийн өөрийнх нь найрлага, түүний гаж нөлөө үйлчлэлээс болж ходоодны салст гэмтэж шархлаа үүсдэг. Тиймээс эмийг талх худалдаж авч байгаа юм шиг хандаж битгий худалдан аваарай гэж хэлмээр байна.

Стресс: Тухайн хувь хүний асуудал бэрхшээл стресс ходоодны өвчлөлд нөлөөтэй. Нөгөөтэйгүүр ямар нэгэн хүнд өвчтэй хүмүүс өвчинтэйгээ тэмцэх гэж шаналж стресст ордог. Энэ төрлийн шалтгаант өвчлөлт нэлээн бий.

-Үрэвсэл хэдхэн өдрийн дотор үүсчихдэг зүйл биш байх. Хэр удаан үргэлжилдэг вэ?

-Тухайн хүний бие насны онцлог, хаана өссөн, юу иддэг байсан гээд олон зүйлээс шалтгаална. Хэрвээ гэр бүлийн нэг гишүүн хеликобактертэй түүнийгээ эмчлүүлдэггүй байсан бол бага насны хүүхдийн ирээдүйд ходоодны үрэвсэл өвчинөөр өвчлөх магадлал ихэснэ.

-Хэрхэн оношлуулах вэ, ходоодны өвчний үед илрэх хамгийн гол шинж тэмдгийг нэрлэнэ үү?

-Гараа эсгэчихвэл шууд хорсч өвддөг. Харин ходоодонд жижиг шарх үүссэн байлаа ч өвдөхгүй байж болно. Учир нь зузаан давхаргатай том эрхтэн болохоор тэр болгон өвдөж шинж тэмдэг илрэхгүй. Тийм ч учраас ходоодны хавдар хожуу оношлогддог. 

Хэрэв хэвлий аюулхай хэсгээр өвдвөл, хоолны шингэц тааруу, бага юм идсэн ч цанхайх, хэхрүүлэх, гулгих, горойх, огиж бөөлжих, өтгөний өнгө өөрчлөгдөх шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт заавал үзүүлэх ёстой. Хамгийн гол нь дур мэдэж эмчилгээ хийлгүйгээр шууд эмчид л хандаарай. 

Эмнэлэгт хандаж үзүүлж байж ямар шинжилгээ хийлгэхээ шийднэ. Дур мэдэж шинжилгээ хийлгэхэд  нь цаг зав эдийн засгийн хувьд ч хохиролтой байх нь бий. Жишээлбэл хеликобактери шинжилгээг олон аргаар хийдэг. Өтгөнд амьсгалын үлээх сорил, цусанд  үзэх, эдийн шинжилгээнд үздэг. Тиймээс эхлээд эмчид хандах нь зөвлөнө.

-Ямар үед ходоодоо дурандуулах ёстой вэ?

-Дурандах эсэхийг эмч үзэж байж шийднэ. Улс орон болгоны ходоодны өвчлөлөөс хамаарч урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Манай улсын хувьд 40-ээс дээш настай хүн зовиургүй байсан ч урьдчилан сэргийлж дурандуулах ёстой. Зовиуртай бол мэдээж түүнээс өмнө үзүүлнэ.

-Дурандуулах муу гэсэн ойлголт бий. Энэ хэр үнэний ортой вэ?

-Энэ бол маш буруу ойлголт. Дурандах нь хүний биед муу шинжилгээ биш. Дурандаснаар ходоодыг нүдээрээ харчихаж байна. Бас эргэлзээтэй эсэх дээр эд эсийн шинжилгээ авчих учраас оношоо тодруулчих бүрэн боломжтой. 

-Ходоод сэтгэл санаа хямрахад хамгийн мэдрэг эрхтэн гэдэг үнэн үү?

-Нүдээр харж, чихээр сонсч барьж байгаа юм бүхэн ходоодонд нөлөөлнө. Таагүй мэдээ сонссон хүн хоол орохоо больчихлоо гэдэг шүү дээ. Энэ нь сэтгэл зүйн хямралын нөлөөгөөр ходоод гэдэс хүчтэй агшдаг гэсэн үг. Учир нь ходоод маш олон шүүрэл ялгаруулдаг. Сэтгэл санаа хямарсан үед шүүрэл ихэснэ. Ходоод бол маш нарийн нийлмэл бүтэцтэй эрхтэн.

-Хүмүүс ямар дадал зуршлаасаа болж ходоодны өвчин тусдаг вэ?

-Ходоод бол хогийн сав биш. Тийм учраас ерөөсөө хоносон хоол идэж болохгүй. Харж байхад манайхан алив амсаад үз гээд дундаа хувааж иддэг шүү дээ. Тэр болгонд халдвар дамжих эрсдэл нэмэгдэж байдаг.

-Ходоодны үрэвсэл хэр сэдрэмтгий вэ?

-Аливаа өвчний шалтгааныг олж оношлоод эмчилчихвэл тэр өвчин эдгэрдэг. Хэрвээ хеликобактерийн шалтгаантай ходоодны үрэвсэлтэй бол хеликобактериа устгачихад л эдгэнэ. Харин энэ үед нь тоохгүйгээр өвчин намдаах эм уугаад байвал салстыг өөрчлөлт явагдаад яваандаа хавдар болно. 

Аливаа нэг өвчин архаг хэлбэрт шилжихэд сэдрэл намжил гэсэн үе шатаар явагдана, бүр мөсөн эдгэрэхгүй.

-Чацарганы бас баавгайн тос бүр архийг хүртэл ходоодонд эмчилгээ хэлбэрээр хэрэглэх нь сайн гэдэг. Энэ тал дээр мэргэжлийн хүний хариултыг сонсмоор байна?

-Мэдээж эрт дээр үеэс яригдсан эмчилгээ учраас үгүйсгэхгүй. Ерөнхийдөө ходоодны шарх үүсчихсэн маш идэвхтэй үрэвслийн үед уух нь тохиромжгүй. Бүр улам ч ихээр ходоодыг цочроочихдог талтай. Архийг эмчилгээ хэлбэрээр хэрэглэнэ гэсэн яриа бий. Нэрмэл архи Хятадын “Талын хар” архийг ходоодоо эдгээх гэж уудаг хүмүүс зөндөө. Архи уувал эдгэх нь битгий хэл ходоодны салстыг улам ч гэмтээнэ. Бүр ходоодны шархтай бол хүндрүүлж цоолох ч аюултай. 

-Ходооны өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэх үзлэгт заавал орно. Ялангуяа гэр бүлийнх нь гишүүдийн нэг хавдараар өвдсөн, ходоодны өвчтэй хүн байдаг бол тэр тусмаа эрт үзүүлж оношлуулахад гэмгүй. Ходоодны өвчин шууд удамшдаг өвчин гэж хэлэхэд судалгаа нь хангалтгүй. Гэхдээ удамших хандлагатай. Өвчлөлд нөлөөлж байгаа бас нэг зүйл бол хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй хоол хүнс юм. Хооллолт хамгийн чухал.

Үнэндээ үнэтэй ресторан, цайны газруудаас вирус, хеликобактер худалдаж авчихаад байна. Бас нэг хэлмээр санагддаг зүйл бий. Монголчууд эртнээсээ эр эмгүй уруулаараа үнсэлцэж мэндлээд байдаг ард түмэн биш шүү дээ. Эмч бид нарын хувьд ийм соёл битгий дэлгэрээсэй гэж хүсдэг. Яагаад гэхээр хеликобактери шүлсээр дамждаг.

Ходоод гэдэсний эмгэгээс сэргийлэх маш энгийн. Гараа өдөрт 4-5 удаа гараа угаахад болно. Ажлын байран дээр гэхэд гоё үнэртэй гэхээсээ илүү стандартын ариутгалын саван хэрэглээрэй.

Аяга тавгаа тусдаа хэрэглэх нь ходоодны өвчлөлөөс сэргийлэх нэг арга. Монголчууд эрт дээр үеэсээ өөрийн гэсэн аяга хэрэглэж ирсэн ард түмэн. Хаад гэхэд зэс мөнгөн аяга хэрэглэдэг байсан юм билээ. Зэс, мөнгө өөрөө халдварын, нянгийн эсрэг үйлчилгээтэй. 

-Ходоодны эмчилгээ зардал хэр өндөр байдаг вэ?

-Ерөнхийдөө өндөр гардаг гэж болно. Гэхдээ бид үнэтэй ресторанд орохоос л хямд үнээр л үзлэг үйлчилгээнд хамрагдах боломжтой. 

-Хүн ер нь өдөрт хэдэн удаа хооллох ёстой вэ?

-Хүн болгон адилгүй. Зарим хүнийг өдрийн 5 хоолло гэвэл илүүдэл жинтэй болно. Гэтэл нөгөөд нь таарч болно.

-Эрдэс амин дэм дутагдсанаас болж ходоод өвдөх үү?

-Дархлаагаа сайжруулна гээд элдэв витамин эрдэс уугаад байж болохгүй. Ингэснээр эргээд эмгэг үүсдэг. Ялангуа ходоод гэдэсний үрэвсэлтэй үед кальци, төмөр уувал ходоод өвддөг.  Ходоодоо эрүүл байлгая гэвэл хоолоо зөв тохируулж идээд сайн унтаж амрах л чухал. 

-Ходоод өвддөг хүн идэж болохгүй хоол хүнс гэж бий юу?

-Ходоод цочмог өвдсөн тохиолдолд иддэггүй юмаа идэж болохгүй. Бас хэт их амтлагчтай хоолноос татгалзаарай. Мэдээж архи дарс уухгүй. Элдэв хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглодог.

-Эрүүл амьдрахын тулд өлөн элгэн дээрээ нимбэгтэй ус, зөгийн балтай ус уу гэсэн зөвлөгөө байдаг. Энэ нь өглөө уухад тохиромжтой ундаа мөн үү?

-Хэрвээ өглөө болгон зөгийн балтай ус уугаад байвал хоол боловсруулах замын мөөгөнцөр үүсэх эрсдэлтэй. Багш нараасаа бас энэ талаар сонсч байсан. Яагаад гэвэл зөгийн бал маш их чихэртэй. Гэхдээ зөгийн бал муу гэсэн үг биш шүү, хүний биед маш сайн бүтээгдэхүүний нэг.  Зөв, тохиромжтой л хэрэглэх нь чухал. 

Нимбэгтэй усыг өлөн дээрээ биш юм идсэний дараа ууж болно. Ер нь бол ходоодыг оролдоод хэрэггүй. Зүгээр л гэрийн хоолоо идэж сайн унтаж амраад явахад тийм ч амархан өвдөхгүй. Хүнийг унтахад дотор эрхтэнүүд амардаг.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл