Маммографийн шинжилгээ гэж юу вэ?

Маммографи гэдэг нь хөхний рентген шинжилгээ юм. Хөх тус бүрийн зургийг 2 үндсэн байрлалд авч хариу бичих Дүрс оношилгооны эмчид илгээнэ.                                           

-Дижитал Маммографи гэж юу вэ? 

-Дижитал маммографи гэдэг нь рентген туяа ашиглан хөхний зургийг дижитал аргаар гарган авах арга бөгөөд ердийн хөхний зургаас ялгаатай нь  дижитал зургийн адил илүү тодрол,  нарийвчлалтай гаргана. Тиймээс хариу уншиж буй Дүрс оношилгооны эмчид зөв онош тавихад нь тустай. Ердийн хөхний рентген зураг нь нэгэнт авагдсан бол дахин засварлах боломжгүй байхад дижитал маммографийн зургийг эмч өөрийн харах талбайд тохируулж томруулах боломжтой. Дижитал маммографи нь зураг авахад хэцүү нягт ихтэй хөхтэй эмэгтэйчүүдэд  ялангуяа ач холбогдолтой. Шинжилгээний хувьд, та өмнө нь хөхний ердийн рентген зураг авахуулж байсан бол авах аргын хувьд адил. 

Хөхний ердийн болон дижитал аппаратаар  зураг авахдаа аль алинд нь хөхөнд даралт өгч, шахаж  авдаг. Энэ нь хөхийг хөдөлгөөнгүй барих болон очих рентген туяаны ачааллыг багасгана. Хэдий сайн даралт өгнө төдийчинээ хөхний хэвийн эдийг  эмгэг өөрчлөлттэй хэсгээс ялгарч харагдах боломж олгодог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дижитал маммографийн зургийг компьютероор боловсруулалт хийж хадгалдаг  тул ердийн рентген хальсанд буусан зурагтай харьцуулахад удаан хугацаагаар хадгалах боломжтой учир хальс зурагдаж, гэмтэх эрсдэл байхгүй. Дижитал маммографийн зургийг эмч болон эмнэлэг хооронд  дамжуулан хэрэглэхэд хялбар бөгөөд зураг хаягдаж гээгдэхгүй давуу талтай.

-Дижитал маммографийн шинжилгээ нь ямар эмэгтэйчүүдэд илүү ашигтай вэ?                    

  • Нягт  хөхтэй залуу эмэгтэйчүүд (булчирхайлаг болон холбогч эдийн хэмжээ их)
  • 50 -аас доош насны эмэгтэйчүүд      
  • Цэвэршилтийн өмнөх ба цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүд (сүүлийн сарын тэмдэг өнгөрсөн 12 сарын дотор ирсэн)

40-ээс дээш насны эмэгтэйчүүд жил бүр нэг удаа хөхний рентген шинжилгээнд хамрагдсанаар хөхний хавдраас шалтгаалах нас баралтын тоог 20-30% бууруулдаг судалгаа бий.

-Компьютерын Давхар Илрүүлэлт (КДИ) 

-Хөхний дижитал зураг авагдсаны дараа зураг компьютерын  КДИ систем рүү илгээгдэнэ. КДИ систем нь өөрчлөлттэй байж болох хэсгийн талаар мэдээллийг гаргана. КДИ систем нь туршлагатай Дүрс оношилгооны эмч хүртэл харахгүй өнгөрч болохоор жижиг өөрчлөлтүүдийг илрүүлэх зорилготой зохион бүтээгдсэн. КДИ систем нь Дүрс оношилгооны эмчийн хөхний зураг унших ажлыг орлохгүй боловч хөхний хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. 

-Шинжилгээний өмнөх бэлтгэл

-Ихэнх эмэгтэйчүүд  үзүүлэх өдрөө биед эвтэйхэн, 2 салангид хувцас өмсөхийг зохимжтой гэж үздэг.  Шинжилгээнд орох өдрөө үнэртэй ус, тос, энгэсэг, тальк зэргийг бүсэлхийнээс дээш цээж, мөр орчимд түрхэхгүй байх шаардлагатай. Дижитал маммографийн шинжилгээ нь маш нарийн мэдрэмтгий тул дээрх зүйлс  нь зургийн хариуг буруу  уншихад   нөлөөлж болно.  Хөхний дижитал зургийг авахдаа хөхийг сайтар шахаж зураг авдаг. Энэ үед  зарим эмэгтэйчүүдэд эвгүй мэдрэмж төрж болох ч хөхийг хөдөлгөөнгүй барих, рентген туяаны тунг  багасган  зургийн чанарыг сайжруулах  сайн  талуудтай юм. Сарын тэмдгийн мөчлөгийн дараа тус  шинжилгээг хийлгэх нь шинжилгээтэй холбоотой өвдөлт, эвгүй мэдрэмжийг эрс бууруулна.                           

-Шинжилгээний  үргэлжлэх хугацаа: 

-Шинжилгээ эхлэхээс дуусах хугацаа нийт 15 минут орчим байна.

-Шинжилгээний хариу: 

-Шинжилгээний дараа дүрс оношилгооны эмч дүгнэлт бичин таныг шинжилгээнд явуулсан эмчид илгээнэ. Танд эмчлэгч эмч тань  хариуг өгөх болно.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл