Дүрс оношилгооны аргаар хийгдэх шинжилгээнүүд

MRI (Magnetic Resonance Imaging), MRA (Magnetic Resonance Angiography) буюу Соронзон Резонанст Томографи

Энэ нь xүчтэй радио долгион болон цаxилгаан соронзон ашиглан xүний биеийн бүтэц, үйл ажиллагааг харуулдаг арга юм. Ихэвчлэн үе мөч, тарxи, бугуй, шагай, цээж, зүрx, судасны үйл ажиллагааг оношилоход ашигладаг.

Интермед эмнэлэгт SIEMENS компанийн Magnetom брэндийн 1.5T (тесла) хүчин чадалтай тус аппарат бүтэн биеийн мэдээлэл хүлээн авагч (coil)-ыг ашигладаг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчийн шинжилгээ хийлгэх хугацааг 2 дахин бууруулаx давуу талтай.

Бид дараах үйлчилгээг монголдоо анхлан нэвтрүүлсэн.

  • Мэдрэлийн ширхэгүүдийн замын илрүүлэлт (DTI Tractography)
  • 4D судасны оношлогоо (TWIST 4D MRA)
  • Хавдрын үсэрхийллийн илрүүлэлт (REVEAL Metastasis screening)
  • Орон зайн өндөр ялгаралтай цусан хангамжийн тархалтын дүрслэл (ASL High spatial resolution perfusion)
  • Хөдөлгөөнд мэдрэг бус техник (BLADE Motion insensitive)

КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИ (CT)

Энэ нь рентген туяа болон компьютерийг хослуулан xүний биеийн эрхтэн, бүтцийг xаруулдаг арга юм. Ихэвчлэн ясны бэртэл, xортой болон хоргүй xавдар, дотуур гэмтэл болон цус алдалт, xалдвар, булчингийн үйл ажиллагааны алдагдлыг илрүүлэхэд ашигладаг.

Интермед эмнэлэгт ашигладаг SOMATOM-PRESPECTIVE загварын 128 зүслэгт Компьютерт Томографийн аппарат нь EMode технологид суурилагдсан шинэ загвар бөгөөд үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал нь бусад загваруудтай харьцуулахад 60 хувь бага, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангадаг тул эмзэг болон бага насны хүүхдийн зураг авахад илүү тохиромжтой юм. Уг аппарат нь одоогоор манай улсад ашиглаж буй хамгийн хурдан аппарат бөгөөд секундийн 1/3-тэй тэнцэх хугацаанд 128 цуврал зураг гарган зүрхний цохилт хооронд зураг авснаар титэм судасны нарийслын зэрэг болон шохойжилтын үнэлгээг хийж зүрхний шигдээс өвчинд өртөх эрсдлийг эрт үед нь тодорхойлох боломж олгодог.

ХӨХНИЙ РЕНТГЕН АППАРАТ (MAMMOGRAPHY)

Маммографи гэдэг нь хөхний рентген шинжилгээ юм. Дижитал маммографи гэдэг нь рентген туяа ашиглан хөхний зургийг дижитал аргаар гарган авах арга бөгөөд ердийн хөхний зургаас ялгаатай нь дижитал зургийн адил илүү тодрол, нарийвчлалтай гаргана. Тиймээс хариу уншиж буй Дүрс оношилгооны эмчид зөв онош тавихад нь тустай. Ердийн хөхний рентген зураг нь нэгэнт авагдсан бол дахин засварлах боломжгүй байхад дижитал маммографийн зургийг эмч өөрийн харах талбайд тохируулж томруулах боломжтой. Дижитал маммографи нь зураг авахад хэцүү нягт ихтэй хөхтэй эмэгтэйчүүдэд ялангуяа ач холбогдолтой. Шинжилгээний хувьд, та өмнө нь хөхний ердийн рентген зураг авахуулж байсан бол авах аргын хувьд адил. Хөхний ердийн болон дижитал аппаратаар зураг авахдаа аль алинд нь хөхөнд даралт өгч, шахаж авдаг. Энэ нь хөхийг хөдөлгөөнгүй барих болон очих рентген туяаны ачааллыг багасгана. Хэдий сайн даралт өгнө төдийчинээ хөхний хэвийн эдийг эмгэг өөрчлөлттэй хэсгээс ялгарч харагдах боломж олгодог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Дижитал маммографийн зургийг компьютероор боловсруулалт хийж хадгалдаг тул ердийн рентген хальсанд буусан зурагтай харьцуулахад удаан хугацаагаар хадгалах боломжтой учир хальс зурагдаж, гэмтэх эрсдэл байхгүй. Дижитал маммографийн зургийг эмч болон эмнэлэг хооронд дамжуулан хэрэглэхэд хялбар бөгөөд зураг хаягдаж гээгдэхгүй давуу талтай. 40-ээс дээш насны эмэгтэйчүүд жил бүр нэг удаа хөхний рентген шинжилгээнд хамрагдсанаар хөхний хавдраас шалтгаалах нас баралтын тоог 20-30% бууруулдаг судалгаа бий.

Шинжилгээний өмнөх бэлтгэл. Ихэнх эмэгтэйчүүд үзүүлэх өдрөө биед эвтэйхэн, 2 салангид хувцас өмсөхийг зохимжтой гэж үздэг. Шинжилгээнд орох өдрөө үнэртэй ус, тос, энгэсэг, тальк зэргийг бүсэлхийнээс дээш цээж, мөр орчимд түрхэхгүй байх шаардлагатай. Дижитал маммографийн шинжилгээ нь маш нарийн мэдрэмтгий тул дээрх зүйлс нь зургийн хариуг буруу уншихад нөлөөлж болно. Хөхний дижитал зургийг авахдаа хөхийг сайтар шахаж зураг авдаг. Энэ үед зарим эмэгтэйчүүдэд эвгүй мэдрэмж төрж болох ч хөхийг хөдөлгөөнгүй барих, рентген туяаны тунг багасган зургийн чанарыг сайжруулах сайн талуудтай юм. Сарын тэмдгийн мөчлөгийн дараа тус шинжилгээг хийлгэх нь шинжилгээтэй холбоотой өвдөлт, эвгүй мэдрэмжийг эрс бууруулна.

Шинжилгээний үргэлжлэх хугацаа. Шинжилгээ эхлэхээс дуусах хугацаа нийт 15 минут орчим байна.

Манай эмнэлэгт ашигладаг Маммографийн аппарат нь ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад үйлчлүүлэгчид өгөх туяаны ачаалал 30 хувиар бага, илүү өндөр нарийвчлалтай зураг авахаас гадна автомат мэдрэгчтэй тул үйлчлүүлэгчид өвдөлт бага өгдөг давуу талтай.

Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн танилцуулга

Тус тасаг нь дэлхийд тэргүүлэгч SIEMENS брэндийн 2013 онд үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадал бүхий тоног, төхөөрөмжүүдээр тоноглогдсон.

  • Соронзон Резонанст Томографи (MRI)
  • Компьютерт Томографи (CT)
  • Хөхний рентген аппарат (Mammography)
  • Ясны сийрэгжилтын аппарат (BMD)
  • Өнгөт, допплер эхо аппарат
  • Зөөврийн эхо аппарат
  • Хагалгааны зөөврийн рентген аппарат (C-arm)
  • Шүдний дэлгэмэл рентген аппарат

Манай эмнэлгийн бүх аппаратууд тоон системийн технологид суурилсан тул шинжилгээний дүрст мэдээлэл болон дүгнэлтийг эмнэлгийн дотоод цахим сүлжээгээр дамжуулан эмчид тухайн агшинд нь хүргэдэг. Мөн шинжилгээний мэдээлэл нь эмнэлгийн серверт 70 жил хүртэл хугацаагаар хадгалагдах тул та хэдийд ч ирж шинжилгээнийхээ хариу болон зургыг CD, хальсан дээр хэвлүүлэн авах боломжтой.

Түүнчлэн БНЭУ-ын Аполло эмнэлэгт дүрс оношилгооны зургийг илгээж оношийн баталгаажуулалт авах буюу Телерадиологийн үйлчилгээг бид 2018 оноос нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7701-1111 дугаарт залган лавлана уу.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл