Маммографийн шинжилгээ

Маммографийн шинжилгээ

Маммографи гэдэг нь хөхний рентген зураг авах шинжилгээ бөгөөд хөх тус бүрийн зургийг стандарт 2 үндсэн байрлалд авах ба шинжилгээ 5-10 минут үргэлжилнэ.

Үндсэн давуу тал: Рентген туяаны ачаалал өчүүхэн бага.

Шинжилгээний хариуг олон улсын стандартын дагуу хөхний өвөрмөц оношилгооны шалгуураар 0-6 ангилалд харгалзуулан дүгнэнэ (BIRADs үнэлгээ).

Тоног төхөөрөмж. Интермед эмнэлэг Герман улсын Siemens компаний Маммомат брендийн Inspiration загварын аппарат ашигладаг. Тус маммографийн аппаратыг хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, оношилгооны зорилгоор авахаас гадна эдийн шинжилгээ авахад чиглүүлэг болгон хэрэглэдэг.

Шинжилгээний өмнөх бэлтгэл

Шинжилгээнд орох өдөр хөхийг сайтар савандаж угаасан байх, үнэртэй ус, тос, энгэсэг, тальк зэргийг бүсэлхийнээс дээш цээж, мөр орчимд түрхэхгүй байх шаардлагатай. Дижитал маммографийн шинжилгээ нь маш мэдрэмтгий тул дээрх зүйлс нь зургийн хариуг буруу уншихад нөлөөлж болно. Хөхний дижитал зургийг авахдаа хөхийг сайтар шахаж зураг авдаг. Энэ үед зарим эмэгтэйчүүдэд эвгүй мэдрэмж төрж болох ч хөхийг хөдөлгөөнгүй барих, рентген туяаны тунг багасган зургийн чанарыг сайжруулах зорилготой юм. Сарын тэмдгийн мөчлөгийн дараа тус шинжилгээг хийлгэх нь шинжилгээтэй холбоотой өвдөлт, эвгүй мэдрэмжийг бууруулна.

Дижитал маммографи гэж юу вэ?

Дижитал маммографи нь ердийн хөхний зургаас ялгаатай нь тодрол, нарийвчлалтай гаргана. Тиймээс хариу уншиж буй дүрс оношлогооны эмчид зөв онош тавихад нь тустай. Ердийн хөхний рентген зураг нь нэгэнт авагдсан бол дахин засварлах боломжгүй байдаг бол дижитал маммографийн зургийг эмч өөрийн харах талбайд тохируулж томруулах боломжтой. Дижитал маммографийн зургийг компьютерээр боловсруулалт хийж хадгалдаг тул ердийн рентген хальсанд буусан зурагтай харьцуулахад удаан хугацаагаар хадгалах боломжтой учир хальс зурагдаж, гэмтэх эрсдэл байхгүй.

Дижитал маммографийн шинжилгээ нь ямар хүмүүст шаардлагатай вэ?

Хэрвээ таны хөхөнд үүсгэвэр тэмтрэгдсэн, хөх эмзэглэлтэй, улайсан хөхний толгой татагдсан, суганы булчирхай цочирсон тохиолдолд хөхний рентген зургийг заавал авахуулах шаардлагатай. Мөн ДЭМБ-аас 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жил бүр нэг удаа хөхний рентген шинжилгээнд хамрагдснаар хөхний хорт хавдраас шалтгаалах нас баралтын тоог 20-30% бууруулдаг гэсэн судалгаа бий.

Эрчүүдийн хувьд хөхтэй холбоотой зовиур илрэх болон хөх томрох өөрчлөлт илэрсэн тохиолдолд хөхний рентген зураг авахуулах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7701-1111 дугаараас лавлана уу. 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл