Хөхний хорт хавдрын тухай

 

Хөхний хорт хавдар

Эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудын дотор эхний хоёрдугаар байранд “Хөхний хорт хавдар” ордог байна. Ихэвчлэн 50-иас дээш насныханд тохиолдоно. Хэрэв таны хөх бэрсүү ихтэй болох мөн хэвийн бус өөрчлөлт гарвал эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Хөхний хавдрыг эрт оношловол эмчлэгдэх боломжтой байдаг ба хавдар даамжрах (илүү томрох, тархах) тусам төгс эмчлэгдэх магадлал буурсаар байдаг. Гэсэн хэдий ч хавдрын эсрэг эмчилгээ нь хавдрын явцыг удаашруулж чаддаг.

Хөх гэж юу вэ?

Хөхний эд нь цээжний булчинтай холбогдож, төгсгөл хэсэг нь суга хүртэл үргэлжилсэн байдаг. Хөх нь дараах зүйлээс тогтоно. Үүнд:

  • Хөхний булчирхайг бүтээж байгаа олон тооны уутанцар: Энд сүү боловсордог.
  • Сувганцар: Энэ нь уутанцарт үүссэн сүүг хөхний толгой руу дамжуулдаг суваг юм.
  • Өөхлөг эд ба холбогч эд
  • Цусны судас, тунгалгийн болон мэдрэлийн судас (биеийн бусад хэсэгтэй адил)

Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед хөх нь илүү бэрсүүтэй бас хатуурсан байхыг олж мэддэг. Мөн жирэмсэн болсон үед, нас ахих тусам, биеийн жингийн өөрчлөлтөөс болж хөхний хэмжээ, хэлбэр хувирч өөрчлөгдөж байдаг. Хөх ямар харагдаж байгааг, яаж мэдрэгдэж байгааг мэдэх нь чухал бөгөөд өөрчлөлт гарвал эмчид нэн даруй үзүүлээрэй.

Хөхний хорт хавдар гэж юу вэ?

Хөхний хорт хавдар нь хамгийн түгээмэл тохиолддог хавдруудын нэг юм. Хөхний хорт хавдар нь аль нэг хөхний хэлтэнцэр (уутанцар) эсвэл сүү дамжуулдаг сувгийн дотор талд үүссэн хавдрын эснээс үүсдэг. Түүнчлэн хөхний өөр төрлийн хорт хавдрууд байдгийг мэдэж байх нь чухал бөгөөд тэдгээрийн эмчилгээ болон цаашдын явц нь хавдрын яг ямар төрөл вэ гэдгээс хамаарна.

Халтай (тархамтгай) юу эсвэл халтай биш үү ?

Ихэнх хөхний хорт хавдар нь хэлтэнцэр болон сувган дотор үүссэн хавдар томорч ойролцоо байгаа хөхний эдүүд рүүгээ тархсан үед оношлогддог. Үүнийг халтай (тархамтгай) хавдар гэж нэрлэдэг. Халтай хавдрыг хавдрын эсүүд тухайн орчны цус болон тунгалгийн судсанд орсон эсвэл ороогүй гэж хувааж болно.

Зарим хүмүүсийн хавдар нь хавдрын эс хэлтэнцэр болон сувган дотроо л байсаар байгаа үедээ оношлогддог. Үүнийг халтай биш (нэг л газраа томрох) хавдар гэх ба хавдрын эс нь тухайн хэсгээсээ гадагшаа томордоггүй. Сувганцар дотор томрох хавдар нь гол төлөв тохиолддог бөгөөд шинээр оношлогдож байгаа 5 хүний 1 нь ийм төрлийн хавдартай байдаг. Ийм хавдрыг эмчлэхэд хялбар байх ба халтай хавдраас эмчилгээний хувьд илүү сайн үр дүнтэй байна.

Хавдрын эсийн зэрэг

Хөхний хавдрын эдийг (дээж аваад) микроскоор харж болдог. Онцлог шинжээр нь дараах зэрэглэлд хувааж үздэг байна.

  • 1-р зэрэг- Хавдрын эс нь аажим томорч тэлэх ба идэвжил сул байна.
  • 2-р зэрэг- Дунд зэрэг байна.
  • 3-р зэрэг- Хавдрын эс нь хурдан томорч тэлэх ба идэвхжсэн байна.

Хөхний хорт хавдар үүсэх шалтгаан юу вэ?

Хортой хавдар нь эрүүл биш (хэвийн бус) эснээс үүсдэг. Бие махбодийн эс яагаад хортой болж байгаа шалтгаан нь тодорхой биш байдаг ба зарим эсийн генийн гэмтэл эсвэл өөрчлөлт гэж үздэг. Ийм ген нь эсийг хэвийн бус болгож замбараагүй өсөж үржихэд хүргэнэ.

Нөлөөлөх хүчин зүйлүүд:

Хэдийгээр хөхний хорт хавдар нь тодорхой шалтгаангүйгээр үүсдэг ч хөхний хавдартай болох магадлалыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг тодорхой хүчин зүйлс байдаг. Үүнд:

  • Нас. Хөхний хавдартай болох эрсдэл ойролцоогоор 10 жил тутамд нэмэгдэж байдаг. 50-аас дээш насныханд ихэнхдээ тохиолддоно.
  • Хаана амьдарч байгаагаас шалтгаалж болно. Улс орон бүрт адилгүй байна. Энэ нь удамшлын болон хүрээлэн буй орчинтой холбоотой байж болох юм.
  • Гэр бүлийн түүх. Энэ нь хэрэв таны ойрын төрөлд хавдартай байгаа эсвэл хавдраар өвдөж байсан мөн тэд 50 наснаас доош насалсан бол танд эрсдэл бий гэсэн үг юм.
  • Хэрэв та хөхний хорт хавдрын урьдал өвчтэй бол.
  • Хүүхэдгүй эсвэл та анхны хүүхдээ 30-аас дээш насанд төрүүлсэн бол.
  • Хүүхдээ хөхүүлж байгаагүй бол.
  • Сарын тэмдэг наснаасаа эрт ирсэн бол.
  • Цээжиндээ туяа (рентген туяа, туяа эмчилгээ гэх мэт) авч байсан бол.
  • 55 наснаас хойш цэвэршилт явагдсан бол.
  • Дааврын эмчилгээ олон жил хийлгэж байсан бол (50-аас дээш насны эмэгтэйчүүд)
  • Архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь хавдрын шалтгаан болдог.

Хөхний хорт хавдрын шинж тэмдэг

Хөх бэрсүү ихтэй болох: Ер нь хөх өвчингүй, бэрсүүгүй байх ёстой. Жич: Ихэнх бэрсүү нь хорт хавдрынх байдаггүй. Шингэнээр дүүргэгдсэн уйланхай эсвэл булчирхайны эдүүдийн бөөгнөрөл байж болно. Хэрэв томроод байвал та эмчид үзүүлэх хэрэгтэй.

Бусад шинж тэмдгүүд:

  • Хөхний хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх
  • Хөхний хэсэг газарт хонхойх эсвэл зузаарсан арьстай болох
  • Хөхний толгой цааш орох
  • Ховор тохиолдолд хөхний толгойноос ялгадас гарах (магадгүй цусан толботой байх)
  • Ховор төрлийн хавдрын үед хөхний толгой тойроод биржийх, экземтэй төстэй байна.
  • Ховор тохиолдолд хөх өвдөнө. Жич: Өвдөлт нь эрт илрэх шинж биш юм. Олон эмэгтэйчүүдийн хөх нь хөндүүр өвчтэй болдог ч энэ нь бараг хорт хавдраас шалтгаалдаггүй.

Хөхний хавдрын эхний тархах газар нь ихэвчлэн суганы тунгалгийн булчирхай байдаг. Хэрэв суганд тархсан бол суга хавдаж овойж болно. Хэрэв хавдар нь биеийн бусад хэсгүүдэд тархсан бол өөр олон шинж тэмдгүүд илэрнэ.

Хөхний хорт хавдрыг хэрхэн оношлох вэ?

Хэрэв таны хөхөнд товгор зүйлс үүсэх, хөхний хавдрын бусад шинжүүд илэрвэл эмч таны хөх, суга зэргийг үзэж өөр нэмэлт өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Зарим үед товгор зүйлээс эдийн шинжилгээ авдаг. Мөн дараах шинжилгээг авч болно. Үүнд:

  • Мамограмм. Энэ нь хөхний эдийг тусгай рентгенээр харах
  • Хөхний эхо шинжилгээ
  • Хөхний MRI scan. Хөхний нягтрал ихтэй (хатуу) залуу эмэгтэйчүүдэд гол төлөв хийгддэг.
  • Эдийн шинжилгээ (биопси). Биеийн хэсгээс авсан эдийн жижиг дээж. Дээжийг микроскопоор харахад хэвийн бус эсүүд харагддаг. Биопси шинжилгээгээр хөхний хорт хавдартай эсвэл хавдаргүйг батлаж чадна. Мөн хавдрын эсийг үнэлэх ба ямар зэрэгт байгааг тогтоох боломжтой.

Хөхний хорт хавдарт ямар эмчилгээ хийдэг вэ?

Мэс засал, химийн эмчилгээ, туяа эмчилгээ, дааврын эмчилгээнүүдээс сонгож хийдэг. Ихэнхдээ хоёр болон түүнээс дээш эмчилгээг хавсран хийнэ.

Мэс засал

Мэс заслын төрлүүдэд дараах хагалгааг хамааруулна.

  • Хөхийг авахгүйгээр хийх мэс засал. Энэ нь хавдрыг нэг их том болоогүй байхад хийдэг мэс засал юм. Хөхөнд бий болсон овгор товгор зүйлсийг түүний ойролцоо хүрээлж байгаа хөхний эдүүдийн хамт авдаг (lumpectomy) хагалгаа юм. Хагалгааны дараа хөхөнд үлдсэн байж болох хавдрын эсүүдийг устгах зорилгоор туяа эмчилгээ хийдэг.
  • Хавдартай хөхийг авах (Mastectomy). Хавдар томорсон эсвэл хөхний голд хавдар ургасан байвал хөхийг авах шаардлагатай болдог. Хөхийг авсний дараа шинэ хөх үүсгэх, засах мэс заслын эмчилгээ гэж байдаг.
  • Холбогдох тунгалгийн зангилаануудаас биопси шинжилгээ авах. Энэ нь тунгалгийн зангилаанаас хавдрын эс орж ирж байгаа эсэхийг үнэлж буй арга юм. Суганд байгаа тунгалгийн зангилаа цэвэр байвал авахгүй, хэрэв үгүй бол нэг болон түүнээс дээш тунгалгийн зангилаануудыг мэс засал хийж авна.

Бусад эмчилгээ

Туяа эмчилгээ гэдэг нь хавдартай эдүүд дээр өндөр давтамжтай цацраг туяаг ашиглан хийх эмчилгээ юм. Энэ нь хавдрын эсийг устгах эсвэл хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог байна. Хөхний хорт хавдрын үед гол төлөв туяа эмчилгээг хийдэг.

Зарим хөхний хавдарт эмэгтэйн эстроген, прогестрон гормон нөлөөлсөн байдаг. Эдгээр гормон нь хавдрын эсийн хуваагдлыг өдөөж байдаг. Эдгээр гормонууд умайнд боловсрох ба эмчилгээ хийснээр эдгээр гормоны түвшинг багасгах эсвэл нөлөөг нь багасгадаг байна.

Химийн эмчилгээгээр хавдрын эсрэг үйлчилгээтэй эмээр хавдрын эсийг устгах эсвэл хуваагдлыг нь багасгадаг. Химийн эмчилгээний үед хавдрын эсрэг эм уух нь химийн эмчилгээний үр дүнг илүү сайжруулдаг. Мөн мэс заслыг хөнгөвчлөх зорилгоор хавдрын агшаах (хатаах) зорилгоор мэс заслын өмнө ууж болно. Химийн эмчилгээ нь хавдрын зэргээс хамаарч хийгдэнэ.

Хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг багасгахын тулд би юу хийж чадах вэ?

Амьдралын хэв маягаа өөрчлөх нь өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд ч хүртэл хөхний хавдартай болох эрсдлийг бууруулдагыг судалгаагаар харуулжээ. Дараах алхмууд нь таны эрсдлийг багасгана. Үүнд:

Архи, спиртийн төрлийн ундааг хязгаартай хэрэглэх. Архийг ихээр хэрэглэх нь хавдар үүсэх өндөр эрсдлийг дагуулна. Хэрэв шар айраг, дарс, ликёр зэрэг спиртийн төрлийн ундааг уух бол өдөрт нэгээс илүүгүйг уух хэрэгтэй.

Тамхи татахгүй байх. Тамхидалт, хөхний хавдрын эрсдэл (ялангуяа цэвэршилтийн урьдал үед) хоёр хоорондоо холбоотой нь нотлогдсон байна. Тамхи татахгүй байх нь таны эрүүл мэндийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн сонголт болно.

Биеийн жингээ хянах. Жин ихтэй байх буюу таргалалт нь хөхний хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа цэвэршилтийн дараа жин нэмэгдэж байвал эрсдэл өндөртэй байгааг харуулна.

Идэвхитэй хөдөлгөөнтэй байх. Биеийн хөдөлгөөний идэвхитэй байдал нь жинг хэвийн байлгахад нөлөөлдөг ба хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.

Долоо хоногт хамгийн багадаа 150 минут аэробикийн зөөлөн дасгал хийх эсвэл 75 минут аэробикийн эрчимтэй дасгал хийх, мөн долоо хоногт хоёр удаа сунгалтын дасгал хийж байхыг зөвлөдөг.

Хөхөөр хооллох. Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хавдраас урьдчилан сэргийлэх нэгэн хүчин зүйл болно. Аль болох урт хугацаагаар хөхөөр хооллох нь маш сайн хамгаалалт болдог.

Гормон эмчилгээний тун ба хугацааг хязгаарлах. Гормоны хавсарсан эмчилгээг 3-аас илүү 5 жил хүртэл хугацаатай хийлгэх нь эрслийг нэмэгдүүлнэ. Хэрэв та цэвэршилтийн шинж тэмдгийн гормон эмчилгээ хийлгэхээр бол сонголтын талаар эмчтэйгээ ярилцаарай. Та биеийн тамир эмчилгээ зэрэг гормоны бус эмчилгээгээр эмчлүүлэх боломжтой.

Орчны бохирдол, хорт туяанаас болгоомжлох. Эмнэлгийн томограф зэрэг шинжилгээ нь хорт туяаны өндөр тунтай байдаг. Энэ нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмнэ. Зөвхөн шаардлагатай үед л ийм шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Зарим төрлийн ажлын нөхцөл, бензин, машины утаа зэрэг химийн бодисуудад өртөх нь хөхний хорт хавдрын өвчлөлтэй холбоотой болохыг судалгаанд дурдсан байдаг.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл