Зүрхний шигдээс өвчнийг урьдчилан оношлох боломжтой

Эх сурвалж: Peak.mn

Зүрхний шигдээс өвчнийг урьдчилан оношлох боломжтой

Монголын цээжний хөндийн дүрс оношилгооны нийгэмлэгийн дарга, “Интермед” эмнэлгийн дүрс оношилгооны эмч Х.Хулантай ярилцлаа. Тэрбээр дүрс оношилгооны чиглэлээр 14 жил ажиллаж байгаа нэгэн юм.

-Судас хатуурал өвчин манай оронд ямар түвшинд байна вэ?

Монгол төдийгүй дэлхий дахинд зүрх судасны өвчлөл нийт нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байна. Зүрх судасны өвчин гэдэгт зүрхний судаснаас гадна цээж, хэвлийн томоохон судасны нарийсал, дээд доод мөчдийн захын судасны нарийсал зэргийг авч үздэг. Хүндрэхээрээ зүрхний цус хомсролт, зүрхний шигдээс, тархины шигдээс, харвалт болон захын судасны өвчлөлөөр илэрдэг.

Өндөр хөгжилтэй орнуудад судас хатуурах өвчний тохиолдол аажмаар буурах хандлагатай. Харин Зүүн Европ болон Азийн зарим орнуудад эсрэгээрээ нэмэгдэж байна гэсэн судалгаа гарсан. Өвчлөл үүсэхэд таргалалт, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний тархалт нөлөөлж байна.

Барууны орнуудад зүрхний судасны өвчлөл буураад байгаагийн шалтгаан нь амьдралын хэв маяг, эрүүл мэндийн боловсрол өндөртэй нь холбоотой.

-Тэгвэл зүрхний шигдээс өвчнөөр өвдөх эрсдэл байна гэдгээ дүрс оношилгоогоор оношлуулж урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Боломжтой. Зүрх судасны эмч нар баримталдаг эмнэлзүйн шалгуур үзүүлэлт гэж бий. Шалгуур үзүүлэлтэд тамхидалт, цусны даралт ихсэх өвчин, цусан дахь өөх тосны үзүүлэлт, чихрийн шижин өвчинтэй эсэх багтдаг. Бас гэр бүлийнх нь хүмүүсээс зүрхний шигдээс өвчнөөр нас барсан эсэхийг хянаж үзнэ. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүдийг үзээд зүрх, судасны өвчлөл үүсэх эрсдэл дунд болон түүнээс дээш гарсан тохиолдолд зүрхний титэм судасны компьютер томографийн (КТ) шинжилгээнд орох нь өндөр ач холбогдолтой.

Титэм судасны КТ шинжилгээ нь зүрхний судсан доторх атеросклерозийн хатуурсан товруу буюу шохойжилтыг оноогоор үнэлж гаргаж ирнэ. Тухайн оноо нь зүрхний шигдээс үүсэх магадлалыг тодорхойлно. Үүний дараа шохойжилттой хэсэг дээрх зүрхний судасны нарийсал хэдэн хувь байгааг үнэлдэг. Хэрэв 70 буюу түүнээс дээш хувийн нарийсалтай бол стент тавих эсвэл өөр судсаар орлуулах эмчилгээ хийнэ. Бага зэргийн нарийсалтай бол амьдралын хэв маягаа өөрчилж, зөв хооллох, цусан дахь өөх тосыг бууруулах эмчилгээг удаан хугацаанд хийж хянуулна. Оношлогооноос хамаарч эмчилгээний арга хэлбэр өөр өөр байна гэсэн үг.

-Үзүүлж оношлуулж байгаа хүмүүсийг анзаарахад ямар дадалтай хүмүүс голдуу зүрх судасны өвчнөөр оношлуулж байна вэ?

Таргалалтай хүмүүсээс илүү олон жил тамхи татсан болон чихрийн шижин өвчтэй хүмүүсийн дунд судасны хатуурал, нарийсал их оношлогддог.

Судасны хатууралд титэм судасны, цээж болон хэвлийн гол судас түүний салаанууд, захын судасны атеросклероз зэрэг хамаарна.

Монголчууд маань хөлийн судасны бүдүүрэл гэдгээр нь мэддэг доод мөчний венийн судасны өргөсөл өвчин насанд хүрэгчдийн дунд 30-60 хувийн тархалттай гэсэн судалгаа ч бий. Хөлийн судасны бүдүүрэл өвчний үед доод мөчний венийн томогографи шинжилгээ онцгой ач холбогдолтой.

Нэг үеэ бодвол иргэдийн эрүүл мэндийн боловсрол харьцангуй дээшилсэн, эмнэлгийн тоног төхөөрөмж ч сайтай болсон учраас урьдчилан сэргийлэх үзлэгт өөрийн хүсэлтээр хамрагддаг хүмүүсийн тоо нэмэгдсэн. Мөн эмчийн заалтаар дүрс оношлогоо хийлгэдэг хүмүүс ч бий.

-Судасны нарийсалт гэж чухам юуг хэлэх вэ?

Судас нарийсна гэдэг нь зүрхний гэлтгүй томоохон артерийн судаснуудын дотор хананд өөхөн хуримтлал үүссэн гэсэн үг. Ингэснээр судас нарийсч цусны урсгал тодорхой хэмжээгээр буурч эхэлдэг. Яваандаа тэр өөхөн товруу шохойждог. Үүнээс болж гэнэт нэг өдөр тэрхүү өөхөн хуримтлал бүхий товруу хагарснаас тэрхүү бүлэн судсыг бүрэн эсвэл хагас бөглөх эрсдэлтэй.

Бүлэнгээс болж бүтэн бөглөрвөл хүнд хэлбэрийн зүрхний шигдээс болох учраас цусан хангамжийн хурц дутагдал үүсэж амь насаа алдахад ч хүргэж болно. Авах арга хэмжээ нь минут, секундээр хэмжигдэнэ. Хэрвээ зүрхний судас бөглөрвөл зүрхний шигдээс, тархины судсанд үүсвэл тархины шигдээс болно. Хагас бөглөрвөл харьцангуй эмчилгээ авах магадлалтай.

-Зүрхний шигдээс болох эсэх, судасны хатууралтайгаа тухайн хүн өөрөө мэдэх боломжтой юу?

Зүрхний шигдээс, судас хатуурал өөрөө нас дагадаг өвчин. Баруунд наслалт урт учраас 70-аас дээш насныхан энэ өвчнөөр илүүтэй өвддөг. Монголын хувьд бусад орнуудтай харьцуулахад хөгшчүүл нь энэ өвчнөөр нас барсан тохиолдол нь харьцангуй бага. Энэ нь манайхан өндөр насанд хүрэхгүйгээр наана нь гэмтэл, хавдар гэх мэт өөр өвчнөөр нас бардагтай холбоотой. Тийм учраас залуучуудад нь илүү тохиолдож байгаа юм шиг харагддаг. Залуусын хувьд энэ нь таргалалт, хооллолт, амьдралын хэв маяг, удамшлын хүчин зүйлтэй хамааралтай.

Манайхан голдуу ямар нэгэн зовиур өгч байж ирдэг. Аль болох л эрт мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч, эрсдэлт зүйлээс хол байхыг зөвлөе. Ямар ч өвчнийг хожуу шатанд оношилж эмчлэх зардал нь урьдчилан сэргийлэх зардлаасаа хэд дахин өндөр өртөгтэй байдаг. Иймээс улс орнууд эрүүл мэндийн даатгалын системийн бодлогодоо үүнийг суулгадаг юм билээ.

Мэдээж хугацаа алдсан хойноо өндөр өртөгтэй хагалгааг хийх үү эсвэл наана нь урьдчилан сэргийлэхэд анхаарах уу гэдгийн хооронд асар их зөрүү бий.

-Танай эмнэлэг Монголд зүрхний MRI шинжилгээг хийж байгаа ганц эмнэлэг. Ямар оноштой хүн энэ аппаратаар оношлуулах ёстой вэ?

Бид зүрхний MRI шинжилгээг сүүлийн 4 жил хийж байна. Энэ аппарат маш нарийн технологитой учраас авч байгаа техникчийн ур чадварыг шаарддаг. Иймээс өнгөрсөн жил БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт энэ чиглэлээр техникчийн хамт сургалтанд суугаад ирсэн. Зүрхний MRI шинжилгээ нь зүрхний эмчийн нарийн заалтаар хийгддэг.

Зүрх өвдсөн болгон энэ шинжилгээг хийлгэдэггүй.

✔Нэгдүгээр заалт нь янз бүрийн шалтгаантай зүрхний булчингийн дутагдал гэсэн оношоор хийгддэг.

✔Хоёрдугаарт зүрхний шигдээс болсны дараа амьдрах чадвартай эс хэр байгааг, зүрхний булчингийн үйл ажиллагааг нарийн тодорхойлохын тулд хийлгэдэг.

Зарим хүмүүс зүрх судасны ямар шинжилгээ сайн вэ гэж асуудаг. Үнэндээ аливаа шинжилгээ өөр өөрийн давуу ба сул талтай. Нэг л шинжилгээ хамгийн сайн, бүгдийг оношилно гэж байхгүй. Эхний ээлжинд нарийн мэргэжлийн эмчид хандан оновчтой шинжилгээний арга сонгох нь чухал.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл