Хортой болон хоргүй хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй. Тиймээс өөрийгөө хайрла, урьдчилан сэргийл

Эх сурвалж: iToim

Хортой болон хоргүй хавдар хэзээ ч гэнэт үүсдэггүй. Тиймээс өөрийгөө хайрла, урьдчилан сэргийл

Интермед эмнэлгийн Ерөнхий болон Цээжний хөндий мэс заслын эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор А.БОЛД-той ярилцлаа.

-Ямар төрлийн хавдрын өвчлөл цээжний хөндийн мэс заслын тасагт хамаардаг юм бэ. Ер нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хорт хавдрын эрт илрүүлэлт сайжирч байна уу?

-Монгол Улсын хавдрын өвчлөлд дээгүүр бичигдэж байгаа уушги, улаан хоолой, хөхний хавдар нь мөн голтын хавдар нь цээжний хөндийн тасагт хамаарагддаг өвчнүүд юм. Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд элэг, ходоод, уушги, улаан хоолойн хорт хавдар маш өндөр хувьтай байна. Хавдрын өвчлөл өндөр байгаа нь иргэд эрүүл мэнддээ зөв анхаарал тавиагүй, эрүүл мэндийн даатгалын системийн алдаатай тогтолцооноос үүдэлтэй.

Хавдрын өвчлөлийн шалтгаан шалтаг нь олон хүчин зүйлээс үүдэлтэй байдаг. Өнөөдрийг хүртэл хавдрыг эрт үед нь оношлохгүй бол төгс төгөлдөр эмчлэх боломжгүй байна. Эрт оношлуулахын тулд ард иргэд маань эрүүл мэндийн зөв боловсролтой болох шаардлагатай. Монголчууд машинаа үзлэгт оруулдаг шигээ эрүүл мэндээ үзүүлж, даатгадаггүй ард түмэн.

Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдуулахын тулд Эрүүл мэндийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлага байна. Тухайлбал, урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй иргэнд даатгалын системээс нөхөн олговор олгохгүй ч гэдэг юм уу. Зарим улсад эрүүл аж төрөх дүрэм журмаа зөрчсөн, мөн жингийн илүүдэлтэй иргэд нь илүү өндөр даатгал төлдөг байх жишээтэй. Урьдчилан сэргийлэх ойлголт, эрүүл мэндийн боловсролын түвшин дээшилж байж эмчилгээний гол асуудал яригддаг байх ёстой. Хорт хавдрын өвчлөлийн дийлэнх нь гурав дөрөвдүгээр шатанд оношлогдож байгаа. Хожуу оношлуулсан иргэдэд их хэмжээний зардал гарахаас гадна эмч хүч хөдөлмөр гаргаж зүтгэдэг ч тухайн хүн маань таван жилээс дээш амьдрах магадлал бага байдаг. Нэг ёсондоо маш их цаг, зардал гаргаад үр дүн тун багатай. Гол шалтгаан нь хүн өөрийн эрүүл мэндээ золиосонд гаргаж, хайхрамжгүй ханддаг хандлагаас үүдэлтэй.

-Иргэдэд өвдсөнийхөө дараа биш өвдөхөөсөө өмнө урьдчилсан сэргийлэх үзлэгт орох ёстой гэдгийг хандлагыг суулгах нь маш чухал юм байна.

-Яг тийм. Иргэд маань маш бага мөнгөөр урт насалж болдог юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх буюу эмнэлэгт заавал үзүүл. Өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх ёстой. Ямар ч хавдар эрт үедээ оношлогдвол 100 хувь төгс төгөлдөр эмчлэгдэнэ гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Тиймээс эрүүл мэндийн системийг хувь хүн өөртөө уялдуулахгүй бол оройтсон хойно нь эмч, эмнэлгийн байгууллагууд нойр хоолгүй зүтгэсэн ч эцсийн үр дүн муу гардаг.

-Эрхтэн тус бүрээр нь авч үзвэл уушги, улаан хоолой, хөхний хорт хавдрыг үндсэн ямар шалтгаанаас үүсдэг вэ?

-Хорт хавдрыг үүсгэж байгаа үндсэн шалтаг шалтгаан нь олон янз байна. Жишээ нь, тамхи бол уушгины хорт хавдар тусахад нөлөөлдөг. Халуун хоол цай, давс ихтэй хоол хүнс хэрэглэх чинь улаан хоолойн хавдарт нөлөөлнө. Хөхний хавдарт жирэмснээс хамгаалах эм бэлдмэлийн зохисгүй хэрэглээ, 18-25 насанд хэрэглэх архины хэмжээ өдөрт 100 мл-ээс дээш байх зэрэг нь нөлөөлж байна. Энэ бүхнээс харахад хүн өөрөө өөрийгөө л хавдраар өвчлүүлээд байдаг. Хүмүүсийн химийн бүтээгдэхүүний хэрэглээ хэтэрхий их болсон учраас хавдрын өвчлөл өндөр байна. Орой хүнд хоол хэрэглэж болохгүй гээд байхад л махтай хоол идээд унтчихдаг. Шүдээ, гараа тогтмол угааж бай гэж байнга хэлдэг ч угаахгүй л яваад байдаг. Нус цэрээ ил задгай хаяхгүй байя гэхээр хаяад л байна. Монголчууд бид суурин иргэншил буюу энэ амьдралын хэв маягт одоо л өөрчлөлт орох гээд явж байна.

-Ер нь хавдар удамшдаг юм уу. Гэр бүлийнх нь хэн нэгэн хавдраар өвчилж байсан бол тухайн хүн өөрийгөө хавдар тусах эрсдэлтэйд тооцох нь зөв үү?

-Хавдар удамшдаг. Гэхдээ энэ нь өвчлөлийг бий болгодог шалтаг шалтгаануудын зөвхөн нэг нь. Хүний амьдралын хэв маяг огцом өөрчлөгдөхөд ямарваа нэг өвчнөөр өвдөх магадлал 20 хувиар нэмэгддэг гэдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоосон. Ардчиллаас хойш 30, 40 жилийн хөгжлийн явцад монголчуудын амьдралын хэв маяг огцом өөрчлөгдсөн. Нэг ёсондоо соёлын шок явж байна. Үүнээс болж хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөнө, дээр нь бидний хэрэглэж байгаа хорт зуршлууд нэмэгдэж байна шүү дээ.

-Гэхдээ тухайн хүний ухамсар соёлоос хамаарч өвчлөлийн түвшин ялгаатай байна шүү дээ?

-Улс орон хөгжингүй нийгэм рүү тэмүүлэхээс гадна хувь хүн өөрөө соёлжих хэрэгтэй. Үүнтэй адил хортой, муу гэж мэддэг боловч хэрэглээд байх юм бол өвчин тусна. Ямар ч хавдрыг аль үе шатанд нь эмчлэх вэ гэдэг маш чухал. Үүнийг өвчтөн болон иргэддээ тайлбарлахдаа дүрэм хууль гэж хэлдэг. Ямарваа нэгэн оношилгоо эмчилгээг хийхдээ зарчим, удирдамж байх ёстой. Энэ дүрмээ барьсан байхад алдаа гарахгүй. Алдаа гарахгүй бол ард түмэн илүү итгэнэ. Тухайн удирдамжийг мэддэг эмч нар нь хэдэн өөр юм ярихгүй, нэг зүйлийг ярьдаг л байх хэрэгтэй. Манай эмнэлэг яг л энэ зарчмаар ажилладаг. Манай эмч нарын ярьдаг зүйл Солонгос, Японд очиход яг адилхан байна гэдэг. Тэнд үзэж байгаа эмч нар бид нарын өнөөдрийн үзэж байгаа нотолгоонд суурилсан шинжлэх ухаан буюу олон улсын удирдамжийн дагуу л ажиллаж байгаа. Удирдамж баримтлахаас гадна хувь хүний онцлог гэж бас бий.

-Хорт хавдрын эмчилгээ, оношилгоо ямар үе шаттай хийгддэг юм бэ?

-Хорт хавдрын үед үндсэн дөрвөн эмчилгээ байдаг. Мэс заслын эмчилгээ, химийн эмчилгээ, туяа эмчилгээ, дархлалыг сэргээх эмчилгээ, хорт хавдрын хожуу шатны хөнгөвчлөх эмчилгээ гэж хийдэг. Хорт хавдар нь хожуу шатандаа орсон байвал хөнгөвчлөх буюу зовиурыг багасгах эмчилгээг хийдэг. Энэ эмчилгээний зарчмыг аль ч хорт хавдрын үед баримталж ажилладаг. Монголд ч, олон улсад ч адилхан шүү. Интермед эмнэлгийн хувьд туяа эмчилгээнээс бусад бүх эмчилгээг хийж байна. Нийт мэс заслын 90 хувь хөнөөл багатай аргаар буюу дурангийн мэс заслаар хийдэг. Ямар ч хавдрын болон хавдрын бус үед дурангийн мэс засал нь эдийн гэмтэл бага байх тусмаа эдгэрэх хугацаа хурдан байдаг.

Уушгины хорт хавдар эрчүүдийн өвчлөлөөр дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байх үед жилд 50-60 хүн уушгиа тайруулах хагалгааг хийлгэдэг байсан. Нийт хорт хавдрын 75-80 хувь нь хожуу буюу 3, 4 шатанд оношлогддог.

Хөхний хорт хавдрын үед цээжний хөндийн мэс заслын тасаг хийнэ. Тухайн хавдрыг тайрахаас илүү хүний гоо сайхны талаас нь харж, нөхөн сэргээх хагалгааг хийдэг. Дээр нь хорт хавдрыг эрт үед нь оношилж, мэс засал хийж байна. Химийн эмчилгээ бүрэн нэвтэрсэн.

Улаан хоолойн хавдар нийт хорт хавдрын гуравдугаар байрт бичигдэж байна. Энэ төрлийн хавдраар түлхүү баруун аймгийнхан өвчилж байна. Давс, халуун цайны хэрэглээ хэт их байгаатай холбоотой. Уг нь энэ хавдар уушги, ходоод дурандах үед л илэрчихдэг. Ихэнх иргэд юм идэхээр горойгоод байна гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандаж дурандуулдаг. Гэтэл горойж эхлэх үед тухайн хавдар гуравдугаар шатандаа орсон байдаг. Улаан хоолойн хавдар нь цээжний хөндийн мэс заслын хүнд хагалгаанд тооцогддог. Учир цээж, хэвлийн хөндий хоёрыг зэрэг нээнэ, заримдаа цээж хэвлийтэй хамт хүзүүнийх нь зүүн талд залгаас хийдэг. Учир нь амин чухал эрхтний дунд байдаг үүдэн шүднээс ходоодны амсар хүртэл 38-40 см урттай 2.5 см диаметрийн цагирган шулуун булчинтай хоол дамжуулах эрхтэн юм. Энэ эрхтэн нь уушги, зүрх, гол судасны голд байрладаг учраас мэс заслын хувьд хүнд хагалгаа юм. Энэ төрлийн хагалгааг хийхдээ дурангаар хэвлийн хөндийг чөлөөлж, цээжний орчимд жижиг зүсэлт хийх замаар улаан хоолойг тайрч, улаан хоолойг ходоодтой нь залгах мэс ажилбарыг Интермед эмнэлэг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Үүнийг хосолсон буюу хайбрид хагалгаа гэж нэрлээд байгаа. Мэдээж хавдрын үе шатаас нь хамаарч эрт илрүүлбэл бүрэн эдгэрдэг өвчин.

-Иргэд шинж тэмдэг илрэх үед л эмнэлэгт ханддаг. Жишээ нь, уушги өвчлөөд эхэллээ гэж бодоход эрт үедээ байна уу, хожуу байна уу гэдгийг шинж тэмдгээр яаж тодорхойлох боломжтой вэ?

-Жишээ яръя. Эрдэнэтийн нэг иргэн аймгийнхаа эмнэлэгт хөхний зураг авахуулсан. Тэр үед нь аймгийнх нь эмч хөхний толгойноос нь цустай шингэн гарахгүй, өвдөлт байхгүй бол зүгээр гэж хэлсэн байгаа юм. Гэтэл эрүүл эмэгтэй хүний хөхөнд ямарваа нэгэн хатуу үүсгэвэр байж болохгүй. Хөхний хавдрын зангилаа үүсгэвэр өвдөлт өгдөггүй. Тиймээс эмэгтэй хүн бүр өөрөө өөрийгөө тэмтэрч сурах хэрэгтэй. Үүсгэвэр байгаа, дээр нь өвдөхгүй байгаа бол бүр ч аюултай. Тиймээс яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

Хөхний хавдар үүсэхэд замбараагүй аборт, бэлгийн замын халдварт өвчин, эмийн замбараагүй хэрэглээ нөлөөлж байна. Нөгөө талд горьдоогоо бүрэн эдгээгээгүйгээс болж өвчилдөг. Горьдолт нь стрессээс үүдэлтэй байдаг. Ганц бие эмэгтэйчүүдийн хувьд хэтэрхий их ажиллаж, стресстэж, цочромтгой болсноос хөхний хавдар тусах эрсдэл нэмэгддэг.

Зарим эмэгтэй гадаад явахдаа хавдрын маркер өгчихлөө, хэвийн байна гээд яваад байдаг. Гэтэл хөхний хавдрын маркер СА 15-3-ыг өгөөд хэвийн гэж гарсан эмэгтэйчүүд хөхний хорт хавдар туссан тохиолдол цөөнгүй бий. Цусаар бүх хавдрыг оношилж болно гэж буруу ойлгож болохгүй. Хөхний оношилгоо, хөхний эхо, хавдрын маркер гэсэн гурван зүйл нийлж эцсийн эмнэлзүйн үзлэг хийж онош тавигддаг. Тиймээс ганцхан шинжилгээг нь өгөөд санаа амар яваад байж болохгүй. Заасан хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь чухал. Интермед эмнэлэг энэ гурвын багцалсан шинжилгээг 2018 оноос хийж эхэлсэн. Шинжилгээнд орсон 100 хүн тутмаас 6-7 хавдар илэрсэн. Аз болоход харьцангуй эрт үедээ оношлогдож байна. Энэ нь нэг талаараа манай эмнэлгийн хамт олон ард түмэнд чиглэсэн зөв арга хэмжээ болсон гэж харж байгаа шүү.

-Уушгиа хамгаалахын тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Уушгиа хамгаалахын тулд тамхи татдаг эсвэл тамхи татдаг хүнтэй амьдардаг, ханиалгадаг бол зургаан сар тутам цээжний зураг авахуулах хэрэгтэй. Энэ бол зовиур илрэхээс өмнө авч байгаа урьдчилан сэргийлэх шинжилгээ юм. Хэрвээ ханиалгаад ханиалга нь намдахгүй, цээжний зураг авахуулсан ч ямар нэгэн голомт сүүдэр харагдахгүй байгаа бол уушгиа дурандуулж болно.

Зарим хүн хамгийн үнэтэй компьютер шинжилгээг нь хийлгээд бүрэн оношлогдчихно гэж боддог. Гэтэл энэ нь муйхар бодол. Ямарваа нэгэн ажлыг энгийнээс төвөгтэй рүү нь хийдэг. Үүнтэй адил энгийн шинжилгээнээс эхэлж том шинжилгээ рүү шилжинэ. Цээжний зураг, хэвлийн эход харуулах, ходоодоо хоёр жил тутам дурандуулах зэрэг зарчмыг баримталсан байхад ямарваа нэгэн хавдраар өвчилсөн байхад эрт үедээ л оношлогдоно. Хавдар хэзээ ч унтаж босч ирэхэд чинь бий болдог өвчин биш. Тиймээс урьдчилан сэргийл, өөрийгөө байнга хайрла.

Гэр хорооллын айлын яндан тортгоор дүүрчихлээр гал нь асдаггүй, тортог хаяад эхэлдэг. Яндангаа хөөлсний дараа гал дүрэлзтэл асдаг. Яг үүнтэй адил уушгинд цэр үүсдэг. Энэ цэрийг тодорхой хэмжээгээр гаргаж, цэвэрлэж байх хэрэгтэй. Муу юм бүхнийг бусад руу чихэхийн оронд хувь хүн өөрийнхөө амьдралын хэв маягаа өөрчилж, өөрийгөө хамгаалж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Өнөөдөр нийслэл Улаанбаатарын утаа гамшгийн түвшинд хүрээд байна. Энэ нь хүн амын эрүүл мэнд, цаашлаад уушгинд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Монголын агаарын бохирдол дэлхийд гамшиг болсон. Монголд өнөөдөр элэг, ходоодны хавдар хамгийн өндөр байна. Харин 15-20 жилийн дараа уушги нэгд орно. Учир нь өнөөдрийн агаараар амьсгалж байгаа хүүхдүүд, бид нар ирээдүйн уушгины хорт хавдрын өвчтөнүүд болчхоод байгаа юм. Тиймээс цаашдаа агаарын бохирдлыг хэрхэн буулгах вэ гэдэг асуудал л яригдана. Өвчлөлийн байдал нь улс орны хөгжил, эдийн засгийн хөшүүрэгтэй шууд холбоотой байдаг. Баруун Европ, Англи зэрэг улсууд хөгжлийн үедээ уушгины хавдрын өвчлөл хамгийн өндөр түвшинд байсан.

Ер нь ямар нэгэн өвчинг 100 хувь гэж үзэхэд эмчлэгч эмч 30 хувь эмчилгээг хийж, 70 хувийг хувь хүн өөрөө хариуцна гэдэг ойлголтыг бүрэн авсан байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл