Өндгөвчний олон уйланхайт хам шинж буюу PCOS гэж юу вэ?

[Эх барих эмэгтэйчүүдийн эмч, АУ-ы доктор Ч. Батсүрэн]

Өндгөвчний олон уйланхайт хам шинж буюу PCOS гэж юу вэ?

Өндгөвчний олон уйланхайт хам шинж (ӨОУХШ) буюу polycystic ovary syndrome (PCOS) нь эмэгтэйчүүдийн дунд өргөн тохиолддог дааврын үйл ажиллагааны алдагдал бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 5-10%-д тохиолддог. Хам шинж гэдэг нь олон үйл ажиллагааны алдагдал хавсрахыг  хэлдэг. Тиймээс ӨОУХШ-тэй эмэгтэй бүрд ижилхэн шинж тэмдэг илэрдэггүй. ӨОУХШ гэсэн онош тавихын тулд дараах шинж тэмдгээс 2-3 нь тодорхойлогдох ёстой. Үүнд өндгөн эс гадагшлахгүй байх (ановуляц), эр бэлгийн даавар тестостероны хэмжээ удаан хугацаанд өндөр байх (гиперандрогенизм), өндгөвчинд олон тооны жижиг уйланхай (полицист) үүсэх

ӨОУХШ-ийг хэрхэн оношлох вэ?

ӨОУХШ-ийг оношлохын тулд эмч асуумж авч, бодит үзлэг хийж, хэт авиан шинжилгээ болон цусны шинжилгээ хийнэ.  

Ийм эмгэгтэй эмэгтэйчүүдэд сарын тэмдэг алдагдах, удаан хугацаанд ирэхгүй байх, жирэмсэлж чадахгүй байх нь элбэг. Мөн  илүүдэл жинтэй, үсжилт ихтэй, батгашилттай байх тохиолдлууд байдаг. Хэт авиан шинжилгээнд өндгөвч том, олон тооны жижиг уйланхайтай байна. Цусны шинжилгээнд сахарын хэмжээ ихэссэн, өөх тосны солилцооны алдагдалтай, эрэгтэй бэлгийн дааврын хэмжээ ихэссэн байдаг.

ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдэд ямар эрсдэл байдаг вэ?

Ийм эмгэгтэй эмэгтэйд  өндгөн эс тогтмол үүсч гадгашлахгүй байх нь эрсдэл болдог. Өндгөн эс гадагшлахгүйгээс дааврын солилцоонд өөрчлөлт орж улмаар эстроген дааврын ихсэлттэй холбоотой умайн салст зузаарч, сарын тэмдэгтэй холбоогүйгээр цус эмгэг байдлаар гардаг. Энэ нь цаг хугацааны явцад умайн хавдрын өмнөх өөрчлөлтийг үүсгэж болно.

ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдэд бодисын солилцооны хам шинж үүсэх нь элбэг байдаг. Үүнд таргалах, өөх тосны солилцооны алдагдал, даралт ихсэх, инсулин тэсвэржилт үүсэх зэрэг орно. Эдгээр шинж тэмдэг нь зүрх судасны эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг тул зайлшгүй анхаарах хэрэгтэй.

ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдийн үргүйдлийг хэрхэн эмчлэх вэ?

Үргүйдлийн эмчилгээний гол арга нь өндгөн эс боловсрохгүй байгааг эмчлэх юм. Эхний сонголтод эмийн эмчилгээг хийдэг ба хэрэв эмийн эмчилгээ амжилтгүй болбол өндгөн эсийг гадагшлуулах тариа болон бусад аргыг хавсарч хэрэглэдэг. Эдгээр эмчилгээг зөвхөн эмчийн нарийн хяналтанд хийлгэдэг заалттай.

Илүүдэл жинтэй эмэгтэй жингээ хасах нь өндгөвчний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, үргүйдлийг эмчлэх боломжийг нэмэгдүүлдэг. Мөн инсулин тэсвэрт байдлыг эмчлэхэд  өндгөн эсийн боловсролт сайжирдаг.

Жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа ӨОУХШ-тэй эмэгтэйг хэрхэн эмчлэх вэ?

Хэрэв ӨОУХШ –тэй эмэгтэй жирэмслэх төлөвлөгөөгүй байгаа бол жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийг ихэвчлэн хэрэглэдэг. Жирэмслэлтээс хамгаалах дааврын эмийн нөлөөгөөр үсжилт, батгашил ихэнх тохиолдолд арилдаг. Үүнээс гадна сарын тэмдгийг тогтворжуулах, жирэмслэлтээс хамгаалах, зарим хорт хавдраас сэргийлэх давуу талуудтай. Мөн инсулины тэсвэрт байдлыг эмчилснээр  бодисын солилцооны хам шинж үүсэхс болон хүндрэхээс сэргийлдэг.

Үсжилт ба батгашлыг эр бэлгийн даавар бууруулах зарчмаар засдаг. Мөн илүүдэл үсийг лазер, гуужуулагч хэрэглэж шинж тэмдгийг засаж болно. Хэрэв эмэгтэй илүүдэл жинтэй бол жингээ бууруулах нь чихрийн шижин өвчин, эр бэлгийн андроген дааврын хэмжээг бууруулахад тустай байдаг.

ӨОУХШ-ийн эмчилгээ тухайн эмэгтэй бүрийн илэрч буй шинж тэмдэгт нийцсэн байх шаардлагатай байдаг тул  Та өөрийн эмчтэйгээ ярилцаж, зөвхөн танд тохирох хамгийн оновчтой эмчилгээг сонгоорой.  

[Эх барих эмэгтэйчүүдийн эмч, АУ-ы доктор Ч. Батсүрэн]

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл