Жирэмслэлтэд биеэ хэрхэн бэлтгэх вэ?

Жирэмслэхээс өмнө эмчид үзүүлэх ёстой юу?

Тийм. Жирэмслэхээс өмнө эмчид үзүүлэх нь маш ач холбогдолтой. Жирэмслэлтэд нөлөөлж болох ямар нэг хүчин зүйл бий эсэхийг тодорхойлох асуумж, тухайлбал хооллолт, хоолны бүтэц, амьдралын хэв маяг, жирэмслэлтээс хамгаалах арга, өмнөх жирэмслэлтийн тухай, эмийн хэрэглээ, архаг хууч өвчин болон удамшлын ямар нэг өвчин байгаа эсэхийг тодорхойлж цаашдын арга хэмжээг ярилцах болно.

Эмчтэй уулзсанаар гарч болох давуу тал буюу та жирэмслэхээс өмнө хийж болох зүйлс:

  • Таны хэрэглэж байгаа эм, ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэх, эсвэл зогсоох
  • Вакцинжуулалт бүрэн хийгдсэн эсэхийг тогтоох
  • Фолийн хүчил агуулсан витамин хэрэглэж эхлэх
  • Ямар хоол хүнснээс татгалзах хэрэгтэй, нөгөө талаас ямар хоол хүнс хэрэглэвэл зохих
  • Тамхи татах, архи уухаа зогсоох, өөр мэргэжлийн эмчийн бичиж өгсөн эмийг зогсоох эсэх
  • Танд жирэмслэлттэй холбоотой гарч болох эрсдэл:
    • Ямар нэг архаг хууч өвчинтэй эсэх
    • Таны эсвэл нөхрийн талд удамшлын өвчин байгаа эсэх
    • Таны гэр эсвэл ажлын газрын нөхцөл жирэмслэлтэд аюултай эсэх
    • Эрүүл байх ёстой жингээ мэдэх, түүнд хүрэх 

Таны одоо хэрэглэж байгаа эмийн бодисын аюулгүй байдлын тухай асуу

Та ямар нэг эм, нэмэлт бүтээгдэхүүн, тан зэргийг хэрэглэж байгаа бол эмчээс жирэмслэлтэд хэрхэн нөлөөлөх тухай лавлаарай. Зарим нэг эмийн бодис хэрэглэхээ зогсоосноос хойш биеэс бүрэн гадагшлах хүртэл олон цаг шаарддаг тиймээс урьдчилаад мэдэж байх нь чухал. Зарим нэг эмийн бодис ургийн өсөлт хөгжилд аюултай байж болох тул эмч аюулгүй эмээр солих боломжтой. Зарим эмийг гэнэт зогсоох нь таны эрүүл мэндэд аюул учруулах тул аажмаар тунг бууруулж зогсоодог. Тухайлбал, таталт, даралт бууруулах, чонон яр, ревматойд артрит зэрэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг эм зэргийг аажим зогсоох шаардлагатай байдаг.

Танд урьдчилаад вакцин хийлгэх шаардлага байгаа эсэх

Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд товлолт бүх вакцинд хамрагдсан байх ёстой. Үүнд улаан бурхан, улаанууд, гахайн хавдар, татран, дифтери, полио, салхин цэцэг, элэгний вирус зэргийг дурдаж болно. Та өөрөө бүх вакциндаа хамрагдсан эсэхээ шалгаж болно. Жирэмсэн хугацаанд эдгээр өвчнөөр өвчлөх нь урагт аюултай тул жирэмслэхээс өмнө хийлгэсэн байх шаардлагатай юм. Жил бүр эмэгтэй хүмүүс томуугийн вакцинд хамрагдаж байвал зохистой.

Зарим вакциныг жирэмсэн хугацаанд эсвэл жирэмслэхээс нэг сарын өмнө хийлгэхийг хориглодог. Тиймээс жирэмслэхээс 2 сараас өмнө хийлгэсэн байх ёстой болдог.

Витамин хэрэглэж эхлэх

Хэрэв та жирэмсэн болохоор зэхэж байгаа бол өдөрт хамгийн багадаа 400 мкг фолийн хүчлийг гаднаас авч байх хэрэгтэй. Фолийн хүчил нь зарим нэг ургийн гажгийн үүсэлтээс сэргийлдэг. Жирэмслэх оролдлого хийж эхлэхээс 1 сарын өмнөөс ууж эхэлбэл зохистой. Жирэмсэн болсноо мэдсэнээс хойш витамин ууж эхлэх нь оройтсон гэсэн үг юм. Гэхдээ зарим витаминыг хэт их хэмжээгээр хэрэглэх нь аюултай байдаг. Жишээлбэл нүдний хараанд сайн гэгддэг витамин А-г хэтрүүлж хэрэглэж болохгүй.

Хооллолт

Жирэмслэхээр зэхэж байгаа бол түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй. Кафейны хэмжээг бууруулахын тулд өдөрт 1-2 аяга кофе уух эсвэл огт уухгүй байх. Гэхдээ цай, кола –д ч гэсэн кафейн байдаг гэдгийг мартаж болохгүй. Мөнгөн усны агууламж өндөртэй байдаг загас акул, сэлмэт загас, маркел хаан, сүүлт загас хэрэглэхгүй байх. Жимс ногоог түүхийгээр хэрэглэх бол сайтар угааж идэх. Жимс ногоо, бүхэл үрийн гурилаар баялаг тэнцвэржүүлсэн хүнсийг хэрэглэх.

Тамхи татах, архи уух, ямар нэг хууль бус бодис хэрэглэхгүй байх

Тамхи татдаг, архи уудаг, бусад мансууруулах төрлийн бодисоос бүрэн татгалзах, зогсоох. Маш бага хэмжээгээр ч хэрэглэсэн урагт, ирээдүйн хүүхдэд тань аюул учруулж болохыг анхаар.

Жирэмсэн гэдгээ мэдсэнээс хойш зогсоох биш жирэмслэхээс өмнө зогсоож байж эдгээр бодисоор ураг хордохоос өмнө зогсоох нь хамгийн чухал. Хэрэв зогсоож чадахгүй байгаа бол эмчид хандах.

Таны нөхөр мөн адил тамхи, мансууруулах бодисыг зогсоосон байх ёстой гэдгийг анхаараарай.

Эрсдэлийн тухай асуу

Дараах тохиолдолд танд болон урагт ямар нэг эрсдэл байгаа эсэхийг асуух:

  • Архаг хууч өвчин – Жирэмслэлт нь танд болох таны урагт нөлөөлж болох. Зарим нэг өвчинтэй эмэгтэй жирэмслэхээс өмнө эмчийн хяналтанд орсон байх ёстой байдаг. Үүнд чихрийн шижин, даралт ихсэх өвчин, багтраа, бамбай булчирхайн эмгэг, таталт зэрэг ордог. Эдгээр эмгэгийн хяналт сул байвал эх ба урагт аюултай байдал үүсгэж болно.
  • Та болон таны нөхөрт удамшлын ямар нэг эмгэг байвал – Хэрэв та 2-ын нэгэнд нь удамшлын өвчин байгаа бол удам зүйн мэдээлэлтэй байх ёстой. Энэ нь танд өвчинтэй хүүхэд төрөх магадлал, хэрэв өвчинтэй төрвөл хэр хүнд байх зэргийг тооцоолох юм. Үүнд уйланхайт фиброз, оюун ухааны хомсдол, булчингийн дистрофи зэрэг эмгэг орно.

Ажлын нөхцөл

Гэрт эсвэл ажлын газарт байгаа химийн бодис нь урагт эрсдэлтэй байж болдог. Жирэмсэлснээс хойш эдгээр нөхцөлийн засах гэж оролдох нь цаг хугацаа их зарцуулж, үр дүнгүй байх магадлалтай тул жирэмслэхээс өмнө асуудлыг шийдвэрлэсэн байвал тохиромжтой.

Биеийн жинг анхаарах

Хэт жин багатай эсвэл ихтэй эмэгтэйчүүдэд жирэмслэх, жирэмслэлтийг тээх явцад асуудал үүсэж болдог. Тиймээс жирэмслэхээс өмнө эрүүл жинтэй болохыг зориорой.

7001-1111

Мэдээллийн ажилтан

7000-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл