Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Хүүхдийг хөхөөр хооллох тухай
Нийтэлсэн огноо: 2024-08-01

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт Дэлхийн ”Хүүхдийг хөхөөр хооллохыг дэмжих долоо хоног” тохиодог. Энэ хүрээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт дэлхийн хэмжээнд 10 нэгж хувиар нэмэгдэж, 48 хувьд хүрсэн судалгаа бий.

“Хөхний сүү нярай хүүхдийн хамгийн төгс хоол гэдгийг бид сайн мэддэг. Гэхдээ эхийн сэтгэл санаа хямрах, бусад биеийн байдлаас шалтгаалан хөхөөр хооллолт саатах, бүр хөхүүлж чадахгүйд хүрэх нь ч бий. Тиймээс хөхөөр хооллолтыг дэмжихийн тулд эдгээр бэрхшээлийг давах нь чухал байна” хэмээн “Интермед” эмнэлгийн Төрөх тасгийн Нярайн хэсгийн ахлагч Д.Эрдэнэцэцэг ярив.

Бид түүнтэй хөхөөр хооллоход эх хүүхдэд ямар бэрхшээлүүд тулгардаг, хэрхэн даван туулах талаар ярилцсанаа хүргэж байна.

-Хүүхдийг хэдэн сар хүртэл нь хөхөөр хооллох хэрэгтэй вэ? Хөхөөр хооллох хугацаанд юуг зайлшгүй анхаарах хэрэгтэй вэ?
-Эхийн сүүгээр дагнан хооллох нь тухайн хүүхдийн эрүүл мэндийг насан туршид нь дэмжин хамгаалдаг. Амьдралын эхний зургаан сарын турш хүүхдийг эхийн хөхөөр дагнан хооллох ёстой. Харин зургаан сар хүрснээс хойш бор хоолонд оруулах бөгөөд үргэлжлүүлэн хамгийн багадаа хоёр нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөдөг. Боломжтой бол түүнээс дээш хугацаагаар эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.

Төрөхөөс өмнө, төрөх үед ба төрсний дараах үеүдэд хүүхдийг хөхөөр хооллоход юуг анхаарах хэрэгтэйг тайлбарлая.

Төрөхөөс өмнө,

  • Ээж өөрийгөө сайн асарч, эрүүл хооллож, тайван байх нь хамгийн чухал
  • Хүүхдээ хөхөөр хооллохоор төлөвлөсөн бол эмчтэйгээ ярилцаж, зөвлөгөө авах
  • Боломжтой бол хөхөөр хооллох сургалтад хамрагдах
  • Гэр бүлийн гишүүддээ хүүхдээ хөхөөр хооллох тухайгаа хэлж, дэмжлэг авах нь маш чухал.

Хүүхэд төрсөн даруйд,

  • Таныг дэмжих гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх
  • Анхны удаа буюу хүүхдийг амлуулахад асуудал  тулгарвал эх баригч, сувилагч эсвэл хөхөөр хооллолтын мэргэжилтэн нараас тусламж авах хэрэгтэй.

Энэ үед хамгийн чухал нь хүүхдэд өөрөө хөхөө хөхөж эхлэхийг тайван хүлээх хэрэгтэй. Ихэнх хүүхдүүд төрсний дараа 60-90 минутад хөхөө хөхөх дохио үзүүлдэг бол зарим хүүхэд түүнээс удаан хугацаа зарцуулж болно.

Нярайг төрөнгүүт нь эхтэй нь арьс арьсаар шүргэлцүүлэн тэврүүлэх. Энэ үед хүүхдийг дааруулахгүйн тулд цэвэр даавуугаар хучих хэрэгтэй.

Хэрэв хүүхэд дутуу эсвэл бага жинтэй төрсөн бол “Имж эх асаргаа”-ны аргыг хэрэглэх хүсэлтэй байгаагаа эмч, эрүүл мэндийн ажилтнуудад хэлэх нь зөв. ДЭМБ-аас “Имж эх асаргаа”-ны аргыг өдөрт багадаа 20 цагаас багагүй хэрэглэх нь хүүхдийн эрүүл мэндэд маш сайн үр дүнтэй гэж зөвлөдөг.

Төрсний дараах үеүдэд,

Хүүхдийг эхийн хөхөөр дагнан хооллоход гэр бүлийн дэмжлэг нэн чухал. Тиймээс таныг дэмжиж өгөх гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх хэрэгтэй. Мөн сайн амарч, хангалттай ус ууж, эрүүл хооллох нь чухал юм.

Эхийн сүүнд хүүхдийн эрүүл мэндэд нэн чухал шим тэжээл ба эсрэг биетүүд агуулагдаж байдаг. Харин сүү орлуулагч эсвэл нэмэлт бүтээгдэхүүн зэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй учраас хүүхдээ эхийн хөхөөр дагнан хооллох нь чухал байдаг юм.

Түүнчлэн эх хүүхдийг нэг өрөөнд хамт байлгаж, хүүхдийг хүссэн үед нь хөхөө ээлжлэн хөхүүлэхийг зөвлөдөг. Мөч бүрийг нандигнан, аз жаргалтайгаар хүүхдээ хөхүүлээрэй.

Хүүхдийг хөхөөр хооллоход ээжид ямар асуудлууд тулгарч болох вэ? Анхлан төрөгч ээжүүдэд зөвлөгөө өгөөч.
-Анхлан төрөлт гэлгүй давтан төрсөн ээжүүдэд ч гэсэн адилхан асуудал тулгамддаг гэж ойлгох нь зөв. Тухайлбал,

  • Уураг зангирах
  • Хөхний толгой хагарах
  • Сүүний суваг битүүрэх
  • Хөхний үрэвсэл гэх мэт асуудлууд элбэг тохиолддог.

Гэхдээ эдгээрийн ихэнх нь шийдэгдэх боломжтой асуудлууд бөгөөд энэ үед үргэлжлүүлэн хүүхдээ хөхүүлэхийг зөвлөнө.

Хөхний сүүний нийлэгжилтийг бууруулдаг хамгийн элбэг тохиолдох шалтгаан нь хөхөн дэх сүүгээ гүйцэд хөхүүлж чадахгүй, дутуу хөхүүлэх, үлдсэн сүүгээ саахгүй үлдээдгээс болдог. Тиймээс хүүхдийг хөхүүлсний дараа үлдсэн сүүг сааж, хөхөө сулласнаар хөхөнд эргэж сүү сайн ордог.

Мөн ээжүүдийг “сүү багатай” гэж ярьдаг буруу ойлголтоос хүүхдийг эхийн хөхөөр хооллолтыг бууруулахад нөлөөлдөг

 

Тэгвэл дээр дурдсан асуудлууд тохиолдоход ямар арга хэмжээ авах вэ. Жишээлбэл, уураг зангирвал хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?

Уураг зангирахад: Уураг нь зангирч чинэрсэн хөхийг эмчлэх арга бол сүүг нь саах юм. Хэрэв  хүүхэд хөхөө хөхөх боломжтой бол ойр ойрхон хөхүүлнэ. Мөн хөхөнд бүлээн бигнүүр тавих, зөөлөн иллэг хийх хэрэгтэй.

Хөхний толгой хагарахад: Буруу амлуулж, буруу хөхүүлснээс хөхний толгой гэмтэж хагардаг. Энэ үед хөхөө нэгээс олон удаа угаахгүй байх хэрэгтэй. Мөн ширүүн зүйлээр үрж, арчиж болохгүй.

Ахин дахин угаах нь арьсан дээрх өөх тосыг зайлуулж, хуурайшуулан хөхний толгой хагарах эрсдэл үүсгэж болзошгүй.

Хүүхдээ хөхүүлж дууссаны дараа хөхний толгой ба нөсөөт хэсэгт эмчийн заалтаар ланолин агуулсан тосон түрхлэг түрхэж болно.

Хөхний суваг битүүрсэн үед: Хөхний аль нэг хэсэгт сүү гадагшлах нь саатсаны улмаас суваг битүүрдэг. Суваг битүүрсэн хөхөнд хатуу бэрсүү үүсэх, арьс улайх шинж тэмдэг илэрнэ. Энэ үед,

  • Хүүхдийг ойр ойрхон хөхүүлэх
  • Хүүхэд хөхөө зөв үмхсэн эсэхийг шалгах,
  • Суваг битүүрсэн хөхөө эхэлж хөхүүлэх
  • Хөхөө бүрэн суллах
  • Бүлээн бигнүүр тавих
  • Зөөлөн иллэг хийх
  • Хөхөө үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй.

Хөх үрэвссэн үед:Хөхний хэсэг газар хатуурч, эмзэглэлтэй болох, улайж хавдах, халуурах, бие тавгүйрэх зэрэг шинж тэмдгээр илэрч болно. Энэ үед эмчид хандаж, эмчлэх шаардлагатай. Мөн өмнө дурдсанчлан хөхөө үргэлжлүүлэн хөхүүлнэ.

Дээр дурдсанчлан аль ч тохиолдолд хамгийн сайн эмчилгээ нь хөхөө саах эсвэл хүүхдийг 2-3 цаг тутамд хөхүүлэх юм.

Хөхөөр хооллолтыг дэмжихэд гэр бүлийн хүмүүс чухал үүрэгтэй гэсэн. Үүнийг тайлбарлаж өгөөч.
-Хүүхдийг хамгийн багадаа зургаан сар хүртэл нь хөхөөр хооллох чухал гэсэнчлэн ээж нь тэр хүртэл хүүхэдтэйгээ хамт байхыг хэлж буй юм.

Хүүхдийг 3 цагаас дээш хугацаагаар орхиж явах тохиолдолд заавал хөхний сүүгээ сааж үлдээсэн байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

“Интермед” эмнэлэг нь 10 жилийн ойн хүрээнд Олон Улсын Хөхний Хавдрын Нийгэмлэгтэй хамтран наймдугаар сарын 10-ны өдөр “Highlight of GBCC 2024: Хөхний хавдрын олон улсын хурал”-ыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах аж. Энэ үеэр хөхний эрүүл мэнд, хөхний хорт хавдрын сүүлийн үеийн эмчилгээний тухай манай улс болон олон улсад ямар ажлууд зохион байгуулж буйтай танилцах боломжтой тул эрхэм эмч мэргэжилтэн, судлаач та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Эх сурвалж: GoGo.mn

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+