Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Нарийн гэдэсний эмгэгийн оношилгоо
Нийтэлсэн огноо: 2024-10-07

Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн тасгийн эмч Д.Хишгээтэй ярилцлаа.

Хоол боловсруулах эрхтний эмгэгийн асуудал яригдаж байгаагийн цаад учир шалтгааны талаар ярилцлагаа эхлүүлье?
2023 оны Монгол улсын эрүүл мэндийн үзүүлэлтийг харахад амбулаториор үйлчлүүлэгсдийн өвчлөлийн 1-р байрт Хоол боловсруулах эрхтний эмгэг орж байна. Харин халдварт бус өвчний нас баралтын шалтгааны тэргүүлэх байрыг зүрх судасны өвчлөл орж байна. Энэ нь иргэдийн хооллолт, амьдралын хэв маяг, хорт зуршил, удам зүй, стресс зэрэг олон хүчин зүйлүүдээс хамаарч байдаг.

Нарийн гэдэсний хамгийн түгээмэл тохиолддог эмгэгүүдийг дурдвал?
Нарийн гэдэсний эмгэг хүн амын хооллолтын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоос гадна хүнсний орц найрлагатай холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд нарийн гэдэсний эмгэгүүд нэмэгдэж байна. Нарийн гэдэсний эмгэгт нарийн гэдэсний үрэвсэлт эмгэгүүд, хатингаршил, судасны өөрчлөлт, шарх, цүлхэн, хортой болон хоргүй хавдар зэргүүд ордог.

Нарийн гэдэсний цус алдалт ямар шалтгаанаас үүсдэг вэ?
Нарийн гэдэсний цус алдалт нь нийт хоол боловсруулах замын цус алдалтын 5-10%-ийг эзлэж байдаг. Нарийн гэдэсний цус алдалт нь нарийн гэдэсний үрэвслийн шалтгаантай шарх, шалбархай болон хавдар ургацаг зэргээс үүдэлтэй.

Нарийн гэдэсний эмгэгийг оношлох үр дүнтэй арга юу вэ?
Нарийн гэдэсний эмгэгийг оношлоход капсул дуран болон нарийн гэдэсний дурангийн шинжилгээ ордог бөгөөд капсул дурангийн шинжилгээ нь үйлчлүүлэгчдэд зовиур багатай, өндөр үр дүнтэй шинжилгээний арга юм. Капсул дуран нь камер агуулсан капсулан том эмийн хэлбэртэй 1.3х2.5см орчим хэмжээтэй, 6-8 цагийн туршид нарийн гэдсэн дотуур зураг авж шинжилгээ хийгддэг.

Капсул дурангийн шинжилгээний давуу тал юу вэ?
Капсул дурангийн шинжилгээ нь үйлчлүүлэгчдэд зовиургүй, салстад гэмтэл учруулдаггүй, ухаалаг технологи дээр суурилсан, дүрслэл сайтай шинжилгээний арга юм.

Ямар хүн энэ шинжилгээг хийлгэвэл зохих вэ?
Архаг цус багадалттай ходоод болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээнд хамрагдан шинжилгээнд цус алдалтын голомт илрээгүй тохиолдолд капсул эндоскопийн шинжилгээ хийх заалттай байна.

Нарийн бүдүүн гэдэсний эрүүл байдлыг хадгалах тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
Өвчлөл үүсгэж болох эрсдэлт хүчин зүйлсээс татгалзаж шим тэжээл бүхий хоолыг зөв зохистой тохируулан хэрэглэх нь зүйтэй бөгөөд хоол боловсруулах замын зовиур илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж эрт оношлуулах нь зүйтэй.

Интермед эмнэлгийн дурангийн тасагт хийгддэг өөр ямар онцлох тусламж үйлчилгээ байдаг вэ?
Манай эмнэлэгт Хоол боловсруулах өвчнийг оношлох болон эмчлэх бүх төрлийн оношилгоо, эмчилгээг хийдэг бөгөөд ходоод болон бүдүүн гэдэсний эрт үеийн хавдар хуулах, ургацаг авах, нарийсал тэлэх, салстын доорхи болон нойр булчирхайн үүсгэврийг оношлох дурант эхо, цөс нойр булчирхайн сувгийг сэтгүүрдэж сувгийн чулуу авах болон цөсний сувгийн нарийслийг тэлэх стент байршуулах, авах зэрэг олон ажилбар хийгдэж байна. Үүнээс сүүлийн жилүүдэд улаан хоолойн эмгэгийг оношлох улаан хоолойн өндөр ялгаралт манометрийн шинжилгээ, улаан хоолойн хөндийн эсэргүүцэл хэмжигчтэй 24 цагийн рН метрийн шинжилгээнүүдийг Улаан хоолойн эмгэгийн оношилгоонд хийгдэж байгаа бөгөөд энэ жилээс капсул дурангийн шинжилгээг нарийн гэдэсний эмгэгийн оношлогоонд нэвтрүүлэн ажиллаж байна.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+