Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Цэвэршилт гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2024-10-18

Цэвэршилт шинж тэмдэг эмгэгээр илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Нөхөн үржихүйн дараах насанд эмэгтэй хүнд сарын тэмдэг зогсох болон өндгөвчнөөс ялгарах дааврын түвшин багассантай холбоотой шинж тэмдэг илрэх ба энэхүү үе шатыг цэвэршилт гэдэг. Нэг жил ба түүнээс дээш хугацаанд биений юм үзэгдэхгүй бол цэвэршилт эхэлсэн гэж үзэх ба цэвэршилт илрэх дундаж нас 45-55 байдаг.

Цэвэршилтийн үед илрэх шинж тэмдэг

Ургал мэдрэлийн зохицуулга алдагдлын шинж

  • Халуу оргих
  • Шөнө хөлрөх
  • Зүрх дэлсэх
  • Даралт ихсэх

Ерөнхий бие махбодид илрэх шинж

  • Нойр муудах
  • Ядарч сульдах
  • Толгой өвдөх
  • Булчин, үе мөч өвдөх
  • Арьс жирвэлзэх мэдрэмж төрөх

Сэтгэц хямралын шинж

  • Сэтгэл гутралын хам шинж
  • Сэтгэл түгших, цухалдах
  • Сэтгэл хөдлөл тогтворгүйтэх
  • Нойрны хэм алдагдах
  • Ой тогтоолт буурах

Үтрээ, шээс бэлгийн замын хам шинж

  • Үтрээ загатнах, хорсох, үрэвсэх
  • Хуурайших, бэлгийн хавьтал өвдөлттэй болох
  • Ойрхон шээс хүрэх, шээс дусагнах, давсагны дахилтат үрэвсэл

Шинж тэмдэг

Нийт эмэгтэйчүүдийн 70%-д нүүр цээж халуу оргих, хөлрөх шинж илэрдэг ч тэдгээрийн 20% орчим нь эмчид ханддаг байна.
3 эмэгтэй тутмын 1-д ургал мэдрэлийн зохицуулга алдагдлын шинж буюу сэтгэл гутрал, түгших зэрэг сэтгэц хямралын хам шинж илэрдэг.
4 эмэгтэй тутмын 1-д бэлгийн харьцааны үеийн хүндрэл үүсдэг.

Цэвэршилтийн үед ихэнхдээ шинж тэмдэггүй эсвэл цөөн шинж тэмдэг хөнгөн байдлаар илрэх ба энэ үед эмчилгээ шаардлагагүй. Харин дээрx шинж тэмдгүүд эмгэг байдлаар илрэх эсвэл 45 наснаас өмнө цэвэршилт явагдах үед зүрх судасны эмгэг, ясны сийрэгжилт, сэтгэц хямралын эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг тул эмчид хандах шаардлагатай.

Цэвэршилтийн үеийн өөрчлөлтийг хэрхэн зөв даван туулах вэ?

Цэвэршилт нь физиологийн хэвийн явц ба эмэгтэй хүний амьдралын тодорхой үе шат юм. Иймд сэтгэлзүйн хувьд эдгээр өөрчлөлтийг эерэгээр хүлээн авах хэрэгтэй.

  • Хугацаанаас эрт цэвэршилт илрэх эсвэл шинж тэмдгүүд хавсарч эмгэг байдлаар илэрвэл эмэгтэйчүүдийн эмчид хандах
  • Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, оношилгоо хийлгэх, эмчийн зөвлөгөө авах
  • Эрүүл зөв хооллох, хоол хүнсэндээ бүхэл үрийн бүтээгдэхүүн, навчит хүнсний ногоо, самар түлхүү хэрэглэх
  • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх нь ясны сийрэгжилтээс сэргийлэхээс гадна цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг
  • Илүүдэл жинтэй эмэгтэйчүүд жингээ хассанаар эмгэг шинж тэмдгийг багасгаж чадна
  • Умайн хүзүүний хорт хавдар, хөхний хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд товлолт хугацаанд хамрагдах
  • Сэтгэл зүйн тулгамдсан асуудал илэрвэл мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, бусадтай ярилцахыг хичээгэрэй.

 

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+