Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Бүдүүн гэдэсний уян дурангийн шинжилгээ
Нийтэлсэн огноо: 2024-10-10

Бүдүүн гэдэсний уян дурангийн шинжилгээ гэж юу вэ?
Гэдсийг урьдчилан цэвэрлэж бэлдсэний дараа уян дурангийн тусламжтай бүдүүн гэдэсний дотор ханыг харж үнэлэх ба эмгэг өөрчлөлт (ургацаг, хортой болон хоргүй хавдар) илэрсэн тохиолдолд нэмэлтээр эдийн шинжилгээ (биопси) авч шинжлэх боломжтой ач холбогдол бүхий шинжилгээний арга юм.

Ямар шинж тэмдэг илэрсэн үед дурандуулах вэ?

  • Урьдчилан сэргийлэх (зовуурь илрээгүй ч байж болно)
  • Хэвлийгээр өвдөх
  • Суулгах
  • Өтгөн цустай болон залхагтай гарах
  • Шалтгаан тодорхойгүй турах
  • Цус багадалтын шинж илэрсэн бол дуран шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Шинжилгээний ач холбогдол
Энэхүү шинжилгээг тайвшруулалттай болон тайвшруулалтгүй хийх боломжтой.
Бүдүүн гэдэсний уян дурангийн шинжилгээгээр бүдүүн шулуун гэдэсний үрэвсэлт өвчнүүд, шарх, хавдар, ургацаг, цүлхэнт өвчин, шамбарам зэрэг өвчнүүдийг оношлоно.
Бүдүүн шулуун гэдэсний ургацаг оношлогдсон тохиолдолд уян дурангаар ургацаг авах ажилбар хийгдсэнээр бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраас эрт үед нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Шинжилгээний өмнөх бэлтгэл
Та бүдүүн гэдэс цэвэрлэх бэлдмэлийг эмч, сувилагч, эм зүйчийн өгсөн зааврын дагуу зөв ууж, бүрэн цэвэрлэх
Шинжилгээнд орохын өмнөх өдрийн өглөө, өдөр нь амархан шингэхүйц бүхэл биш хоол идэх, үртэй өнгөтэй жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, байцаа идэхгүй байх
Тайвшруулалттай дурандуулах, ургацаг авахуулах бол гэр бүлийн насанд хүрсэн хүний хамт ирэхийг анхаарна уу.

Шинжилгээний дараа яах ёстой вэ?
Шинжилгээний дараа гэдэс дүүрэх, цанхайх мэдрэмж төрж болно. Энэ нь дурангийн явцад хий шахдагтай холбоотой ба дээрх шинжүүд аажим арилна.
Шинжилгээнээс 30 минутын дараа бүлээн шингэн уух, 2 цагийн дараа зутан шөл ууж эхэлнэ.
Эдийн шинжилгээ авсан тохиолдолд хариу нь 3-10 хоногийн дараа гарна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+